“Төрсөн нутгийн үзэмж шингээд, Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ” гээд алдарт “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг дуулж байх зуур, бодит амьдрал дээр тэр жаргалыг олоход улам хэцүү болж байна. Үүнтэй холбоотой Монголчууд хэдий насандаа анх гэрлэж буйг сонирхоцгооё.
🇲🇳 Дундаж нас 27.5
World Population Review-н 2026 оны мэдээллээр, Монголд эрэгтэйчүүд 29 насандаа, эмэгтэйчүүд 26 насандаа гэрлэдэг бөгөөд Монголчууд дунджаар 27.5 настайдаа хуримладаг байна. Үүний баталгаа нь Үндэсний статистикийн хорооны дата дээрээс тодорхой харагдаг. Тухайлбал, 25-34 насны эрэгтэйчүүдийн 34.8%, өөрөөр хэлбэл 30 орчим насны 3 эрэгтэйн 1 нь өнөөдрийг хүртэл ганц бие байгаа аж.
⏳ 2.3 жилээр хожуу: 2010 оны тооллогоор эмэгтэйчүүд 24.2, эрэгтэйчүүд 26.2 насандаа анхны гэрлэлтээ батлуулж байсан бол үүнээс 16 жилийн дараа буюу өдгөө хүмүүс 2.3 жилээр хожуу суудаг болжээ.
🌏 Бүс нутгийн төлөв
Зүүн болон Төв Азийн орнуудтай харьцуулахад, Монголд хүмүүс 27.5 насандаа гэрлэж байгаа нь бүс нутгийн дундаж 27.7 наснаас бараг ялгаагүй явааг харуулна. Хамгийн сүүлд хүнтэй гэрлэж буй нь Өмнөд Солонгос бөгөөд эмэгтэйчүүд нь 31.6, эрэгтэйчүүд нь 33.9 насандаа хүнтэй суудаг байна. Харин Туркменистаны хувьд иргэд нь хамгийн эрт хүнтэй суудаг ба дунджаар 24.6 насандаа гэрлэлтээ батлуулдаг гэнэ.
🇰🇷 Хойшлох шалтгаан: Орон сууцны үнийн өсөлт, тогтвортой ажлын байр ховор болсон, бодит цалин нэмэгдээгүй нь гэрлэлтийг хойшлуулахад нөлөөлдөг байна. Тоогоор харвал, Өмнөд Солонгост нэг хүүхэд өсгөх дундаж зардал $275 мянгад хүрсэн нь залуучуудыг гэр бүл зохиоход нь нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгаж буй мэт.
Эцэст нь… 2025 онд Монголд нийт 12,582 хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оноос 11.5%-иар, 2021 оноос хойш 21.9%-иар буурсан үзүүлэлт болоод байна. Үүнд эдийн засаг, нийгмийн асуудлууд нь багагүй нөлөөг үзүүлж буй нь тодорхой харагдана. Мөн үүнээс улбаалж 2025 оны байдлаар 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлтийн хэмжээ сүүлийн 20 жилийн хамгийн бага утга буюу 11.1-д хүрчээ. 🤔