Одоог хүртэл Монголын IT салбарын хамгийн том захиалагч, бас хамгийн том өрсөлдөгч нь төр байв. Тэгвэл төр өөрөө энэ салбараас гараа татаж авна гэнэ дээ.
☠️ Алдагдсан харьцаа: 73:27
Төрийн байгууллагуудын ашиглаж буй 13,526 программ хангамжийн 73%-ийг төр өөрөө хөгжүүлж, засварлаж байгаа нь хувийн хэвшлийн орон зайг боомилж байв. Үлдсэн 27%-д л хувийн хэвшлийн орон зай хадгалагдаж байсан хэрэг.
👺 Хор нөлөө: Үүний улмаас тус салбарын ДНБ сүүлийн 10 жилд нэрлэсэн 4.9 дахин л нэмэгдсэн. Инфляцын нөлөөг хасаад тооцвол бодит утгаараа 2.1 дахин тэлж ердөө ₮258.7 тэрбумд л хүрсэн байна.
🥊 Секси биш байна: Бүр харамсалтай нь 2010-2024 онд уг салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилд дунджаар $175 сая байсан. Нийт ГШХО-ын ердөө 0.8%-ийг л бүрдүүлж ирсэн хэрэг. Төрийн оролцоо хэт их байгаа талбарыг хэн сонирхох вэ дээ.
❤️🩹 Алдагдсан боломжийн өртөг: Төр томорч байх хооронд Төв Ази энэ талбарт цойлж Узбекистан л гэхэд IT Park-аараа $1.6 тэрбумын эргэлт хийж, Казахстан IT экспортыг $633.8 саяд хүрчээ. Гэтэл манай IT park ₮791 саяын төлбөрт унаад, дансаа хаалгах дээрээ тултлаа хэцүү нөхцөлд байж ирсэн.
Нүдийг нь сохлоод, нуухыг нь авах
Энэ бүхний эцэст төр одоо л энэ салбараас холдохын “х” үсгийг ярьж байна. Төр систем хөгжүүлэхгүй, төрийн үйлчилгээний "API SERVICE"-г хувийн хэвшилд нээжбайгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, төр зөвхөн мэдээллийн сангаа аюулгүй хадгалж, түүн рүү нэвтрэх дижитал түлхүүр (API)-ийг хувийн компаниудад өгнө гэсэн үг. Ингэснээр иргэд заавал төрийн апп руу орох хэрэгцээгүй болж, жишээ нь банкны апп-аараа төрийн үйлчилгээг авах боломжтой болох нь.
📌 Өрсөлдөөн & Боломж: Ингэснээр компаниуд төрийн API-г ашиглан цоо шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болж, өрсөлдөөн үүсэж, чанар нэмэгдэнэ. Гол нь төр систем хөгжүүлэх нэрийдлээр мөнгө үрэх шаардлагагүй болох нь ээ.
Эцэст нь… Цахим эдийн засаг гэдэг зөвхөн компьютержих биш төрийг цомхон болгох, бизнесийг дэмжих, уурхайн бус экспортоо тэлэхийн нэр. Бидэнд алдсан цаг хугацаа, боломж их байгаа ч дорвитой урагшилбал олон боломж нээгдэх нь гарцаагүй биз ээ.