Сүүлийн жилүүдэд дэлхийн зар сурталчилгааны зах зээлд сошиал медиагийн орон зай улам бүр тэлж, Meta (META), Google (GOOG) зэрэг томчууд давамгайлах болсон. Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааг өнөөдөр толилуулъя.
📈 Тэлэх нь гарцаагүй
Omdia-н тооцооллоор, 2030 он гэхэд дэлхийн зар сурталчилгааны орлого $1.6 их наядад хүрэх төлөвтэй байна. Үүний 94% буюу $1.5 их наядыг онлайн сурталчилгаа бүрдүүлэх аж. Одоогоор онлайн сурталчилгаа түлхүү сошиал медиад төвлөрч, энэ трэнд цаашид ч үргэлжлэхээр байна. Өнгөрсөн онд онлайн зар сурталчилгааны орлого $935 тэрбумд хүрсэн ба 2026 онд 13% өсөхөөр таамаглажээ.
$META 🆚 $GOOG
Өмнө нь онлайн сурталчилгаагаар $GOOG-г гүйцэх компани байдаггүй байлаа. Харин энэ онд $META анх удаа онлайн сурталчилгааны орлогоор $GOOG-г гүйцэж магадгүй байна. Тухайлбал, $META-н сурталчилгааны орлого 2025 оноос 24% өсөж $243.5 тэрбумд хүрэхээр байгаа бол $GOOG-н орлого 12% нэмэгдэж $239.5 тэрбумд хүрэх төлөвтэй аж. Тус өсөлтөд WhatsApp, Threads дээр сурталчилгаа нэвтэрч, Instagram-н Reels TikTok-той өрсөлдөж эхэлсэн нь хүчтэй нөлөөлөх гэнэ.
👑 Платформ дундаа $META: Өнөөдрийн байдлаар сошиал медиагийн сурталчилгааны орлогын 90%-ийг Facebook, Instagram, YouTube, TikTok бүрдүүлж байна. Нарийвчлаад харвал, $META сошиал медиагийн сурталчилгааг базаж, нийт орлогын 70% нь Facebook болон Instagram-д төвлөрөх болсон аж.
💫 Шинэ суваг: Өдгөө олон хүний хэрэглээнд нэвтрээд буй ChatGPT дээр сурталчилгаа нэвтрүүлэх эсэх дээр туршилт хийгдэж эхэлжээ. Хэрэв тус туршилт амжилттай болвол онлайн сурталчилгааны зах зээлд AI-д суурилсан шинэ экосистем бүрдэх юм.
Эцэст нь… Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар Монголд 2.7 сая хүн сошиал медиа ашиглаж байгаа нь нийт хүн амын ойролцоогоор 76.5%-тай тэнцэж байна. Энэ нь өнөө үед компаниудын хувьд зар сурталчилгаагаа сошиал медиагаар хүргэх нь хамгийн үр дүнтэй сувгуудын нэг болсныг харуулж байна. 🔎