Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарт олгосон зээл олголтын хэмжээ 1,204% өссөн бол салбарын ДНБ 982% өсжээ. Яг энэ холбоо хамаарлыг ухъя.
📈 Санхүүжилт ба Өсөлт
Уул уурхайн салбарын зээл олголт нэмэгдэхэд түүнийг дагаад эсвэл тодорхой хугацааны дараа салбарын ДНБ-ий хэмжээ өсдөг хамаарал ажиглагдаж байна.
💰 Өсөлтийн хурдасгуур: Жишээ нь, 2011 онд зээл олголт 141.8% нэмэгдсэн нь салбарын эргэлтийг эрчимжүүлсэн. Мөн 2021-2023 оны хооронд зээлийн нийлүүлэлт тогтвортой өссөнөөр 2023 онд уул уурхайн ДНБ-ий жилийн өсөлт 59.8% хүрч түүхэн дээд үзүүлэлтээ тогтоожээ.
🍦 Хүнд үеийн дэр: 2020 онд цар тахлын улмаас салбарын өсөлт -9.1% болж унахад зээл олголт 47.8% өссөн нь компаниудын хувьд үйл ажиллагаагаа хадгалж үлдэх гол тулгуур болсон аж.
🏦 Банкнуудын нөлөө
Уул уурхай бол хөрөнгө оруулалт хамгийн их шаарддаг, эрсдэл өндөртэй ч өгөөж нь эдийн засгийг бүхэлд нь чирдэг салбар. 2010 онд ₮403 тэрбум байсан тус салбарын зээл олголт 2025 онд ₮5.2 их наяд болж өссөн нь салбарын зардал тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж буй. Энэ утгаараа тус салбарын санхүүжилтэд банкнууд чухал үүрэгтэй.
💵 TDB-н хувь нэмэр: Салбар дундаа ХХБ (TDB) өнгөрсөн онд худалдааны санхүүжилтийн 40%, уурхайн санхүүжилтийн 33%-ийг тус тус бүрдүүлсэн. Нийт зээлийн багцыг бүтцээр нь авч үзвэл, алтны төсөл 60.7%, чулуун нүүрс 19.6%, төмрийн хүдэр 12.3%, бусад ашигт малтмалын салбар 7.4%-ийг тус тус эзэлжээ.
🤔 Уул уурхайн салбараа яах вэ…
Өчигдөр ХХБ “Худалдааны санхүүжилтийн форум”-аа Нөөцийн эдийн засаг сэдвийн дор зохион байгуулсан. Форумын үеэр хөндөгдсөн гол асуудал нь ганц зээл олгох тухай биш эдийн засгийн ирээдүйг тодорхойлогч нөөцийг хэрхэн ухаалаг, тогтвортой бөгөөд олон улсад өрсөлдөх чадвартай болгох тухай байв.
🔱 Төр, хувийн хэвшил, банкны Алтан гурвалжин: Уул уурхайн салбарын нөөц боломжийг бүрэн нээхийн тулд энэ 3 тал хамтарч ажиллах нь чухал. Ингэснээр зөвхөн олборлолтыг дэмжих бус, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн худалдааны санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх боломжтой байна даа.