Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Америкийн ирэх жилийн төрийн яамнуудын төсвийг танилцууллаа. Дайн дажин, зах зээлийн савлагаатай энэ цөвүүн цагт тус төсвийн төсөл дотор сонирхол татах олон тоо байна. Тэгвэл өнөөдөр яг юу нь хүмүүсийн сонирхлыг тэгж ихээр татаад байгааг хамтдаа харцгаая.
🇺🇸 Том зураглал
Ирэх санхүүгийн жилд Америк төсвийн орлогоо $5.9 их наяд, зарлагаа $8.1 их наяд байхаар тусгагдсан бөгөөд үүний үр дүнд төсвийн алдагдал $2.2 их наядад хүрэх аж. Сонирхуулахад, ирэх жилийн төсвийн орлого өмнөх оноос 13%, зарлага 7.4% тус тус өсөхөөр тооцсон байна.
🔎 Яамдын задаргаа: Нийт 15 яамны 10-ынх нь төсөв $59.2 тэрбумаар танагдах бол үлдсэн 5 яамны төсөв $459.6 тэрбумаар өсөх хүлээлттэй байна. Хамгийн их төсвөө тануулсан нь Гадаад харилцааны яам ба ирэх жил тус яамны төсвийг өмнөх оноос $15.5 тэрбумаар бууруулж $35.6 тэрбумд хүргэх саналыг гаргажээ.
🪖 Хамгийн том өсөлт
Америкийн яамнуудыг төсвөөс өсөлтөөр Батлан хамгаалах яам тэргүүлж байна. Тухайлбал, ирэх жил тус яамны төсөв өмнөх оноос ойролцоогоор $440.9 тэрбумаар өсөж $1.5 их наядад хүрэхээр тусгагджээ. Хэрэв тус төсөв батлагдвал Дэлхийн II дайнаас хойших Америкийн батлан хамгаалах яамны хамгийн өндөр төсөв болно.
💣 Дарийн үнэр: Тус төсвийг тэнгисийн хүчний хөлөг онгоц, шинэ үеийн сөнөөгч онгоц, цөмийн зэвсгийн шинэчлэл зэрэг төслүүд рүү зарцуулахаар төлөвлөжээ. Эндээс ойрын дайн, тулаан идэвхтэй хийж буй Америк 2027 онд ч тайван суухгүй нь харагдаж байна даа.
Эцэст нь… Өчигдөр сарыг зорьсон Artemis II хөлөг хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй сансрын уудамд хүрч, хөлгийн жолоогоо Дэлхий рүү залсан билээ. Тэгсэн энэхүү амжилтыг Доналд Трамп NASA-н төсвийг $5.6 тэрбумаар танах болсноороо бэлэг барьж буй бололтой. 🤔