Хаа сайгүй л төрийн өмчит компаниудыг болж, бүтэхгүй, идлэг, уулгын газар хэмээн ярьдаг. Бодит байдал дээр нөхцөл байдал энэ ярианаас улам дордсоор ТӨХК-иудын өр, шир 2023 оноос хойш 2 дахин өсөж ₮11 их наядад хүрчихлээ.
🫣 Юу вэ төсвийн бараг…
2026 оны бүхэл бүтэн улсын төсвийн зарлага ₮32.9 их наяд. Гэтэл ТӨХК-иуд өнгөрсөн оны IV улирлын байдлаар төсвийн зарлагын бараг ⅓-тай тэнцэхүйц хэмжээний өртэй ажиллажээ. Бүр цаашилбал, ТӨХК-иуд улсын нийт өрийн бараг 24%-ийг эзэлж байгаа юм. ТӨХК-иудын нийт өрийн 64% буюу ₮7.2 их наяд нь богино хугацааны өр, өөрөөр бол 1 жилийн дотор төлөх ёстой өр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй үзүүлэлт. Үлдэж буй ₮4 их наяд нь урт хугацааны өр төлбөр байгаа юм.
🤾🏻 Задаргаа доторх задаргаа: Богино хугацааны өр төлбөр болох ₮7.2 их наядын ₮3 их наяд нь урьдчилж авсан орлого, ₮3.4 их наяд нь бусад, ₮0.2 их наяд нь үнэт цаасны өр төлбөр. Маш энгийнээр ТӨХК-иуд их хэмжээний богино хугацааны өртэй учир ойрын жилүүдэд их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай гэсэн үг.
💭 Эсрэг ертөнцөд байсан бол…
Санаж байгаа бол 2025 оны 1-р сард уул уурхайн бус төрийн өмчит 44 компанийг нэгтгэж, менежмент, засаглалыг сайжруулахаар Эрчист Монгол ХХК-ийг байгуулж байв. Гэтэл саяхан ЗГ тус компанийг ₮3.5 тэрбумын алдагдалтай ажиллаж, юун бусад ТӨХК-иудын алдагдлыг бууруулах өөрийгөө ч авч явж чадахгүй хэмжээнд хүрснээр татан буулгахаар болсон. Үүсгэн байгуулагдаад ердөө жилийн дотор ₮3.5 тэрбумын өр үлдээж чадах компани төрд байхаас өөр хаана ч байх боломжгүй.
🗣️ Гэтэл шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал ТӨХК-иудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй болгох талаар маш их ярьдаг хүн. Дор хаяж ТӨХК-иудын үлдээсэн дааж, давшгүй энэ их өрийг хаашаа шингээхээ эхлээд ярихгүйгээр хувьчлал ярих нь утгагүй.
Эцэст нь… Эрх баригчдын маань үнэлэмж, үнэ ханш, аманд нь багтдаг тоо жил ирэх тусам л өсөж, тэрбумаас их наяд, ₮-өөс $-руу шилжиж байна. ТӨХК-иудыг хувьчилна гэж ярьж эхэлснээс хойш бараг ил цагаан хулгай хийх шахам Эрчист Монгол ХХК-ийг байгуулж, буцаагаад буулгахдаа ₮3.5 тэрбумын өртэй буулгав. ТӨХК-иудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй болгох чин хүсэл байгаа бол эхний ээлжид үлдээж байгаа өр дээр нь хариуцлага тооцохгүй бол ч…