Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд (ЕС) Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцорсноос хойш 3 хоногийн дараа буюу өчигдөр өглөө УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж шөнө нь ЕС-аар томилоодохлоо. Ингэж л бид 1 жил хүрэхгүй хугацаанд 3 ЕС-ын нүүрийг үзэж байна даа.
‼ Түр томилгооны золиос
2000 оноос хойших 11 ЕС-ын ажилласан хугацаа дунджаар 2.3 жил буюу 27 хон сар. 4 жилээс дээш хугацаанд ЕС-аар ажилласан 2 л сайд бий. Сайд солигдох тутамд ЗГ бүрэлдэхүүн, холбогдох ажилчид солигдож бодлогын ажлууд хойшлогдож, цуцлагддаг.
🤐 Ичиг^2: Дэлхийн банкны 2020 оны судалгаанд ичмээр үр дүн бий. 2012 болон 2016 оны сонгуулийн дараа улстөржилт улам газар авчээ. 2012 онд төр доторх халаа сэлгээний хувь эрчимжиж 9.3% болсон бол 2019 онд 22.3%-д хүрч. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг л гэхэд 5 жилд 6 удаа сольсон. Энэ удаад хэр их хүн солигдох бол гэхээс яс хавталзам.
🤒 Сөрөг нөлөө: Иймдээ ч бизнес эрхлэгчид татвараас биш бодлогын тогтворгүй байдлаас хамгийн их айдгийг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Энэ олон тогтворгүй томилгооны уршгаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хэлэлцээр цуцлагдах асуудлууд үүснэ. Эргээгээд улсын эдийн засагт, иргэдийн халаасанд ч хортой.
🤥 35 дахь 9 ба эдийн засаг
Гэтэл эрх баригч намд эрчим хүч, шатахуун гээд хоолойд тулсан асуудлыг шийдэхээс илүү улстөржих сонирхол их байв. Бусад намууд нь ч сайдын суудал өгвөл тэгнэ ингэнэ гээд уналаа. 2028 он хүртэл эдийн засаг сайн байхааргүй байна. Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн таамгаас харахад инфляц 2028 оныг дуустал 7%-д хадгалагдахаар, ДНБ-ий бодит өсөлт 5.5%-иас дээшлэхээргүй байна.
📌 Юу хийх бол? Мөн нүүрсний үнэ сэргэж шалихгүй буюу 2028 он гэхэд тн нь дунджаар $74.4 л болж, төсвийн орлогын тэлэлт ч үргэлжилж ДНБ-ий 31%-тай дүйх нь. Энэ эгзэгтэй цаг үед МАН-ын ээлжит ЕС хамгийн богино хугацаанд ажилласан ЕС болоод буулаа. Тоглоомтой гэмээр. Одоо 35 дахь нь энэ байдлыг яаж засах нь сонин.
Эцэст нь… Томчуулыг улстөржиж байх зуур алдаж байгаа алдагдсан боломжийн өртөг өндөр байна даа. Одоо шинэ ЕС нь гарч ирээд хэдэн төслөө урагшлуулах гэсээр байтал 2026 он талаасаа хэлбийнэ. Яана даа.