Дүүргүүдийн дарга нар татварын мөнгөөр Дубай аялсан гээд гол усаар нэг шуугьж байсныг санаж байна уу? Дүүргүүдийн татварын орлогын зарцуулалт үргэлж маргаантай байдаг. Тэгвэл Нээлттэй нийгэм форумын гаргасан Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалт, зарцуулалтыг харъя.
🫨 Баянгол + Хан-Уул = Барахгүй Сүхбаатарыг
Энэ онд дээрх 3 дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар нийт ₮293.1 тэрбумыг зарцуулж бүтээн байгуулалтын ажил хийх нь. Үүний 76.2% нь дангаараа Сүхбаатар дүүрэгт зарцуулагдана гэж байгаа. ₮293.1 тэрбумын хөрөнгө оруулалт шинэ, хуучин, өнжсөн, он дамнасан гээд нийтдээ 292 төсөл, арга хэмжээнд шингэх нь. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт гэхээр та бидний төлсөн татварын зарцуулалт гэдгийг санаарай.
📌 1 төсөл = ₮1 тэрбум: Харж байгаачлан нийт төсөл, арга хэмжээний тоог нийт зарцуулалттай харьцуулбал 1 төслийн зардал дунджаар ₮1 тэрбум байгаа нь харагдана. Энэ зөвхөн энэ оны санхүүжилтийг ярьж байгаа гэдгийг санаарай. Он дамнасан төслүүдэд бол бүр ч их мөнгө урсаж байгаа.
⚡️ Хөөс үү, бодит уу: Төсөл тус бүр дээр тавигдсан зардлыг харвал бодитой эсэх нь эргэлзээтэй. Баянгол дүүргийн 34-р хороонд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах зардал ₮340 сая байх жишээний. Дугуйн болон явган хүний замыг ₮9 тэрбумаар барина гэсэн ч яг хаана, хэдэн км байх нь ч тодорхойгүй. Сүхбаатар дүүргийн 3-р хороо 13-р байрны фасад засвар ₮1.1 тэрбум ч байх шиг.
🎸🤑 Орон нутгаа хөгжүүлнэ
Дээрх дүүргүүдэд дүүргийн төсвөөс хөрөнгө оруулалт очихоос гадна дүүрэг тус бүрийн орон нутгийн хөгжлийн сан (ОНС)-гаас ч зардал гарч байгаа. Жишээ нь, хүн амаа цөөлнө гээд байсан Баянгол дүүргийн ОНС-гаас нийтдээ ₮1.4 тэрбумыг гаргах нь.
😮💨 Юу хийх бол? Дээрх зардлын 44.2%-ийг боловсролын байгууллагад шаардлагатай засварын ажил хийхэд зарцуулна гэж тусгаж. Гэхдээ энэ онд ингэж үрсэн ч ирэх жилүүдэд дахиад ₮1 тэрбумыг үрж байж засагдаж дуусах нь. Үлдсэн 55.8%-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд гэрэлтүүлэг суурилуулах, дээврийн засвар хийхэд үрэх нь дээ. Бас болоогүй 2 өөр төрлийн гэрэл суулгана гээд байгаа.
Эцэст нь… Мэдээж дүүрэг бүрд хийх бүтээн байгуулалт, засварын ажил байгаа. Гол нь энэ бүхний зардал татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа учир хаана, юунд, яагаад зарцуулах гэж байгаа, тооцоолол нь яаж хийгдсэн, бодитой байсан эсэх гэх мэт асуултад хариулдаг л баймаар байна. Нэмээд зарцуулалтын үр дүнгийн тодорхой байдал чухал. Муруй саруй тавьсан явган хүний зам яагаад ₮9 тэрбум байгааг мэдчихмээр л байна.