Хаврын урь унаж, тариалангийн ажил эхлэхэд багагүй хугацаа үлджээ. Тэгсэн тариалангийн амин сүнс болсон бордооны үнэ Оросын нитратын хоригоос болж өсөх магадлалтай болоод байна шүү.
🌾 Нитратыг товчхон: Нитрат нь ургамлын ургацад шаардлагатай азотыг хүргэдэг бордооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг. Хүнсний үйлдвэрлэлийн суурь түүхий эд болох энэ бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт тасалдвал хүнсний үнэ мэдэгдэхүйц өсдөг тул стратегийн ач холбогдолтой барааны нэгээр тооцогддог.
🇷🇺 Хөршийн шийдвэр
Өнгөрсөн 3-р сарын 21-нээс 4-р сарын 21-ийг дуустал Орос аммонийн нитратын экспортыг түр зогсоохоор боллоо. Уг шийдвэр нь Оросын хаврын тариалалтад зориулан дотоодын нийлүүлэлтийг хангах зорилготой аж. Оросын хувьд нитратын зах зээлийн томоохон тоглогч ба дэлхийн аммонийн нитратын худалдааны ойролцоогоор 40%-ийг бүрдүүлдэг.
❄️ Дам нөлөө: Тус хоригоос улбаалан дэлхий даяар бордооны нийлүүлэлт буурах буюу тариалангийн зардал өсөх эрсдэл нэмэгдэж байна. Мөн дам нөлөөгөөр ирэх саруудад хүнсний үнэ өсөх нь цаг хугацааны асуудал болоод байна.
🫂 Ахын хайр байхгүй юу?
Монгол сүүлийн 10 жилд 1,704.7 тн нитрит, нитратын барааг импортоор авсны 645.4 тн буюу 37.9%-ийг Орос бүрдүүлсэн аж. Ингэхдээ дунджаар нэг кг нитрит, нитратыг $0.9-аар худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн $695.2 мянгад хүрчээ. Дээрээс нь дотоодын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын бордооны 80%-ийг Оросын Азот компани ганцаараа хангадаг. Эндээс харахад, энэ хавар бордоо овоо үнэ орох төлөвтэй байна.
ℹ️ Сануулахад: ГЕГ-аас махан бүтээгдэхүүн ашиглагддаг нитритийг нитраттай хамтад нь бүртгэдэг. Тэгэхээр дээрх импортын датад нитрит болон нитрат хамтдаа орсон гэсэн үг юм.
Эцэст нь… Бид дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, нийгмийн өөрчлөлт гээд яг л кино шиг цаг үед амьдарч байна. Эдгээр зүйлс дээр нэмээд хойд хөрш маань ч энэ киног улам бүр сорилттой, драматай болгож байна даа. 🥸