Энэ 7 хоног эхэлснээс хойш шатахууны үнийн өсөлттэй холбоотой олон мэдээ ар араасаа гарлаа. Хувийн хэвшлүүд үнээ нэмэх саналыг гаргасан бол төрөөс гал унтраасан мэдэгдлийг ч хийгээд амжив.
🌍 Том зураг… Олон нийтийн анхаарлын төвд ороод буй Ираны дайн эхлээд 26 хоножээ. Энэхүү дайнаас улбаалж газрын тосны нийлүүлэлт тасалдаж, сүүлийн нэг сарын хугацаанд брент төрлийн газрын тосны үнэ 36.9% өсөж $97.8-т хүрээд байна.
🎙️ Импортлогчдын санал
Шатахуун импортлогчид эхний ээлжид АИ-95 шатахуун, дизель түлшний үнийг нэмэгдүүлэхийг шаардсан. Үүний хүрээнд 1 литр дизелийн үнийг ₮1,200-₮1,500-өөр нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзсэн ба хугацааг нэг дор бус 3 удаа шат дараатай нэмэхээр төлөвлөсөн аж. Харин өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг урт хугацааны гэрээтэй Оросын талаас 2-3 сарын дараа тогтворжуулсан үнээр бус зах зээлийн үнээр борлуулна хэмээн мэдэгджээ.
🇲🇳 Төрийн бодлого
Тэгвэл өчигдөр Эдийн засаг, Хөгжлийн яамнаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн мэдэгдэл гаргалаа. Тухайлбал,
0.7%: Газрын тосны нэг баррелийн үнэ $110 болоход дотоодын шатахууны үнэ 12.7% өсөх боломжтой. Ингэснээр улсын хэмжээнд инфляц 0.7 нэгж хувиар нэмэгдэж 6.7%-д хүрч болзошгүй.
210 мянган тн: Одоогоор бүх төрлийн шатахууны үлдэгдэл 210 мянган тн бөгөөд АИ-92 41 хоног, АИ-95 70 хоног, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа аж. Тиймээс шатахууны хангалттай нөөцтэй тул 1 литр дизелийн үнэ ихдээ ₮300-өөр нэмэгдэнэ гэж үзэв.
Эцэст нь… ЭЗХЯ-ны мэдэгдлийн дараа шатахууны үнийн асуудлаар 2 тал уулзалт хийж, уулзалтын үр дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд танилцуулах аж. Түүнчлэн ЗГ-аас эдийн засгаа хамгаалахаар хямрал, төсөв санхүүгийн эрсдэлийн эсрэг хуулийн төслийг УИХ-д өргөн барихаа зарлаад байна. Хэрэв шаардлагатай бол төсвийн зардлыг эрэмбэлж, хэрэгжиж эхлээгүй төслүүдээ зогсооход бэлэн гэнэ шүү.