Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажил эхэлсэнтэй зэрэгцээд олон нийтийн эсэргүүцэл ч газар авлаа. Уламжлал ёсоор хүмүүс энэ асуудлаар 2 талд хуваагдаж, 7 хоногийн туршид маргасаар байна.
🔦 Төслийг зах зухаас нь
2025-2028 онуудад УБ-т хэрэгжих 24 мега төслөөс хотын түгжрэлийг бууруулахад Туулын хурдны замын нөлөө багагүй их жинтэй. Учир нь хот дотроо 32 км-ийн урттай, 6 эгнээтэй хурдны замтай болсноор замын хөдөлгөөний ачаалал босоо тэнхлэгт 8.3%, хэвтээ тэнхлэгт 20.8% буурах тооцоолол гарсан. Тэгвэл нийт ₮2.3 их наядаар босох тус хурдны замын эдийн засгийн ач холбогдлыг харъя.
16.9%: Төслийн эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин /IRR/-ийг 16.9%-иар тооцсон нь боломжит өртөг болох 12%-иас их буюу эдийн засгийн өгөөжтэй, төрийн санхүүжилтээр хэрэгжих боломжтойг харуулав.
$236.5 сая: Ирэх 18 жилд төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ 2027-2030 онд $44.9 сая, 2041-2045 онд $191.6 саяд хүрэх бөгөөд нийт өгөөж $236.5 саяд хүрч өсөх аж.
💦 Байгаль орчин яах билээ?
Туулын хурдны замыг эсэргүүцсэн "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчээ авч, дэмжигчдийн тоо эрс нэмэгдэв. Тэд хурдны замыг зогсоох бус Туул голоос бусад газраар хурдны замын бүтээн байгуулалтыг явуулах шаардлага тавиад байна. Мөн Туулын хурдны зам барихын тулд 300 тулгуур баганыг 7-8 метрт суулгах нь байгальд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Нэмээд хүмүүс уг төслийг 2024 оны 6-р сард эхэлж 2026 оны 1-р сард дуусах ёстой байсан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил шиг бүтэл муутай төсөл болох вий гэж болгоомжилж байна.
Эцэст нь… Туулын хурдны зам эдийн засгийн өгөөж өндөртэй ч эрт үеэс ундаалж ирсэн Туул голын экологид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн иргэд үзээд байна. За тэгээд ер нь лимонууд маань Туулын хурдны зам дээр ямар байр суурьтай байна даа? 🧐