Эрчим хүчний Сайдын томилгоо эцэслэгдэж, УИХ-ын гишүүн Б.Найдалаа томилогдохоор болов. ХҮН нам Боловсролын сайдын суудлаа алдсан 1 оноогоо эргүүлэн авлаа.
🫂 Эвтэй томилгоо
Хоосорч хоцорсон Боловсролын сайд болон Эрчим хүчний сайдын суудал дээр МАН болон ХҮН нам эв зүйгээр тохиролцож, өөрсдийн сайдуудаа томилоод авлаа. Эрчим хүчний сайдын томилгооны асуудал дээр Шадар сайд Т.Доржханд угаас л ХҮН нам эрчим хүчний реформыг хийх мөрийн хөтөлбөртэй, тиймээс үүнийгээ албажуулж, сайдын суудлаа авсан гэх утгатай мэдэгдэл хийсэн.
🙋♂️ Бие даагч Сайд: Угтаа ХҮН намыг орхин одсон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Эрчим хүчний сайд болбол Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төрийн зөвшөөрлийг цуцалж, иргэд өөрсдөө санаачлан хэрэгжүүлэх гэхчлэн мөрийн хөтөлбөрийн хамт өөрийгөө дэвшүүлсэн.
Гэсэн ч ХҮН намын дарга сул гишүүнд боломж олгохгүй гэдгийг эрчим хүчний салбарт заавал мэргэжлийн хүн байх ёстой гэж боддоггүй хэмээснээс харж болно.
📰 Эрчим хүчний салбарын сонин сайхан
За юутай ч Сайдын суудал эзэнтэй боллоо. Үүний хажуугаар нийслэлээс Францын Veolia групптэй хамтран хотын дулаан хангамжийн системийг шинэчлэх талаар санал солилцсон байна. Мөн удаан хүлээгдсэн ДЦС-V-н бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэж, бүтээн байгуулалтын ажлыг нь Тавантолгойн цахилгаан станцын тендерийг гацаасан хар түүхтэй Камбож Улсын харьяа MiTime компани хэмээн нүүр бардам зарлав.
💰 Том зургаар нь харвал, эрчим хүчний салбарт сүүлийн 2 жилд гаднаас, дотоодоос, төсвөөс, нийслэлээс, зээл, буцалтгүй тусламж гэхчлэн том дүнтэй, түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгож, татаж байгаа. Гэтэл эхнээсээ хар бараан түүхтэй компаниудыг хэрэгжүүлэгчээр нь сонгоод явж байна.
Ер нь бид урагшлаад байна уу, ухраад байна уу, гэдгээ тогтож, суугаад тунгаахгүй бол мөнгө, санхүүжилт байгаад ч урагшилдаггүй кейсүүд улам л нэмэгдэх шинжтэй. Экс Эрчим хүчний сайд ч өчигдөр хамаг зовлонгоо тооцож, одоо тулгарч буй асуудлуудын ядаж талыг нь цэгцлэх шийдлүүдийг ярьж, хэлэх юм. Эрх баригчид хүчтэй, эрх мэдэлтэй байх үедээ бус суудлаасаа буусныхаа дараа бодит шийдэл ярьдаг нь гайхамшигтай шүү.