Дэлхийд орлогоороо эхний 3-т эрэмбэлэгддэг Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг буюу NBA 2028-2029 оны улирлаас 32 багтай болоход тун ойрхон байна. Тэгвэл үүнтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой тоог хуваалцъя.
🔙 2004 он: Хамгийн сүүлд одоогоос 22 жилийн өмнө буюу 2004 онд NBA багийн тоогоо нэгээр нэмж 30-д хүргэжээ. Ингэхдээ Шарлотт хотын Charlotte Bobcats багийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд багийн зүгээс NBA-д $300 саяыг төлсөн аж. Энэхүү төлбөр нь 30 багийн дундаж үнэлгээтэй тэнцэх дүн байв.
🇺🇸 2 хотод 2 шинэ баг
2020 оноос эхлэн шинэ багтай болох санааг судалсан NBA энэ удаад Сиэтл болон Лас Вегас хотуудад 2 шинэ баг нэмэхээр төлөвлөсөн. Энэхүү шийдвэрийг ирэх 7 хоногт болох NBA-н ТУЗ-ийн хурлаар шийдэхээр байна. Хэрэв ТУЗ-ийн зүгээс тус шийдвэрийг дэмжвэл 2028-2029 оны улирлаас эхлэн NBA-д 32 баг өрсөлдөх аж.
🥧 30 хувьцаа эзэмшигч
NBA-н 30 багийн эзэд бол NBA-н хувьцаа эзэмшигч нар юм. Тэгэхээр удахгүй 32 багтай болсон тохиолдолд одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувь буурна гэсэн үг. Нөгөөтээгүүр, шинээр нэмэгдэх нэг багийн үнэлгээ дунджаар $7-$10 тэрбумаар үнэлэгдэх магадлалтай ба 2 багийн үнэлгээ нийлээд $15 тэрбумд хүрнэ гэж тооцвол одоо байгаа 30 хувьцаа эзэмшигч тус бүр $500 саяын урамшуулал авна.
🕵🏻♂️ NBA-н баг хэр ашигтай вэ? Манай гаргийн хамгийн агуу шидэгч Stephen Curry-н баг болох Golden State Warriors-г 2010 онд одоогийн эзэн Жое Лакоб $450 саяар худалдан авчээ. Тэгвэл үүнээс хойш тус багийн үнэлгээ 24.4 дахин өсөж $11 тэрбумд хүрээд байна. Гэхдээ үүнд багийн үзүүлсэн амжилтыг харгалзан үзэх нь зүйтэй билээ.
Эцэст нь… Одоогоор манай сагсан бөмбөгийн эрэгтэй Үндэсний Дээд Лигт 10 баг өрсөлдөж байна. Сагсан бөмбөгийн спорт болон зах зээлийн хэмжээ өсөхийн хэрээр багийн тоо ч дагаад нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал биз ээ. ⛹🏻♂️📈