Сангийн яам болон Татварын ерөнхий газраас Татварын багц хуулийн шинэчлэлийг танилцуулсан. Шинэчлэлийн үр дүнд иргэн, ААН-ийн татварын ачааллыг ₮2.7 их наядаар бууруулна гээд байгаа. Яаж вэ гэдгийг харъя.
👛 Иргэд: Халаасанд үлдэх мөнгө
Иргэдийн татварын ачааллыг нийтдээ ₮2 их наядаар бууруулах гэнэ. Энэ нь нийт хөнгөлөлтийн 74%-ийг эзэлж байна. Үүнийг хэрэглээг дэмжих замаар эдийн засгийг доороос нь өдөөх тактик гэж харж болох юм. Өөрчлөлтийн тухайд,
🗽НӨАТ-ын шинэ шатлал: Сарын ₮500 мянга хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100% буцаан авна. Энэ нь бага болон дундаж орлоготой өрхүүдэд хамгийн ашигтай. Дараагаар нь ₮500 мянга-₮1 сая хүртэлх НӨАТ-ын буцаалт 50%, +₮1 сая хэсэгт 20% буцаалт хийгдэх нь.
👌Орлогын татварын "Тэг" босго:Цаашлаад хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн цалингийн эхний ₮500 мянгаас татвар авахгүй болсноор гар дээр авах буюу татварын дараах цэвэр цалингийн дүн ₮50 мянгаар нэмэгдэхээр байна.
🏠 Орон сууцны дэмжлэг: Мөн төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийг зорих болон эрчим хүчний хэмнэлттэй сууц авах иргэдэд ₮15 саяын татварын хөнгөлөлт өгөх аж.
😮💨 ААН: Бизнесийн амьсгалах зай
Дээр дурдсан нийт ₮2.7 их наядын хөнгөлөлтийн үлдсэн 26% буюу ₮700 тэрбум нь бизнесийнхэнд дэмжлэг болж очих гэнэ. Тодруулбал, шинэчлэлийн үр дүнд ААН-ийн ₮6-10 тэрбумын орлогод 15%, +₮10 тэрбумын орлогод 25% татвар ногдуулах юм. Үүнээс гадна,
⛅️ Бичил бизнесүүдийн 1%-ийн боломж: Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босгыг ₮400 сая болгож өсгөж, 1%-ийн татвар төлөх замд оруулах нь. Мөн тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан аж.
🙀 Данс битүүмжлэхгүй байх 20%-ийн дүрэм: Цаашлаад, татварын өртэй байгууллагын дансыг 100% хааж, үйл ажиллагааг нь зогсоодог байсан бол одоо орлогынх нь 20%-ийг үлдээхээр болжээ. Нэмээд жижиг дунд ААН-ийн татварын 90% буцаалт авах босго ₮2.5 тэрбум болно гэнэ шүү.
📌 Сул тал байгаа юу?
Татварын шинэчлэл нь сайшаалтай хэдий ч төсвийн орлого тасрах, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж үйл ажиллагаагаа зориудаар жижиглэх зэрэг эдийн засгийн эрсдэлүүдийг дагуулж болзошгүй юм. Тиймээс энэхүү хөнгөлөлтийг зөвхөн хэрэглээг дэмжихэд бус, харин үйлдвэрлэл болон эдийн засгийн бодит өсөлтийг тэтгэхэд оновчтой чиглүүлсэн тохиолдолд л жинхэнэ үр өгөөжөө өгөхөөр байна.