Уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого сүүлийн 10 жилд 6.8 дахин өсөж ₮8.1 их наядад хүрсэн билээ. Өнөөдөр энэ тухай нэлээд дэлгэрэнгүй авч үзье.
51.3% = АМНАТ
Уул уурхайн салбараас өнгөрсөн жил орж ирсэн нийт татварын 51.3% буюу ₮4.2 их наядыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) бүрдүүлсэн байна. Ер нь бол уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр 2023 онд төсвийн нийт орлогын 31.3%-ийг бүрдүүлсэн аж.
Нүүрс + Зэс: Уул уурхайгаас орж ирж буй татварын орлогод зэс, нүүрс жин дарж буй. Тодруулбал, 2014 онд зэсийн олборлолтоос орж ирсэн татвар нийт төсвийн 10%-ийг бүрдүүлж байсан бол 2023 онд 12% болсон байна. Харин нүүрснээс орж ирсэн татварын орлого харьцангуй хурдацтай нэмэгдэж 10 жилийн өмнө 4% байсан бол 21% болж нэмэгджээ.
ТОП-5 ➡️ 73%
Уул уурхайн салбараас орж ирж буй татварын орлогын дийлэнх хэсгийг уул уурхайн ТОП-5 компани бүрдүүлж байгаа. 2022 оны байдлаар нийт уул уурхайн татварын 73% буюу ₮3.9 их наяд нь Эрдэнэт, Оюу толгой тэргүүтэй 5 компанийн татвар аж.
₮10 их наяд шүү дээ: Оюу толгой л гэхэд энэ оны I улиралд ₮629 тэрбум, 2010 оноос хойш ₮10.9 их наядыг татвар, хураамж, НӨАТ хэлбэрээр төлсөн байхад арга ч үгүй биз дээ.
АМНАТ-өөр ажиллах сан
АМНАТ-ийн нийт уул уурхайн татварт эзлэх хувь нэлээд өндөр гэдгийг харлаа. Харин саяхан батлагдсан үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийн нэг хэсэг нь АМНАТ. Тэгэхээр АМНАТ-ийн дүн энэ эрчээрээ нэмэгдвэл уг санд төвлөрөх орлого ч бас нэмэгдэх юм. Тэгэхээр уул уурхайн салбарын нөлөө, цар хүрээ улам тэлнэ л гэсэн үг болж байна даа.