Эдгээр өдрүүдэд улс төрд халуухан үйл явдлууд ар араасаа цуварсаар байна. Гол шалтгаан нь мэдээж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Тэгвэл олны дунд хамгийн их хүлээлттэй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-аас хэр олон хүн нэр дэвших боломжтойг харцгаая.
✋🏻 Нийт 59 гишүүн
Ерөнхийлөгчид дэвшихэд УИХ-д суудалтай намаас, 50-аас дээш настай хүн дэвших эрхтэй гэсэн наад захын шалгууртай. Үүний дагуу 2027 онд Ерөнхийлөгчид УИХ-ын 59 гишүүн нэр дэвших боломжтой аж. Тус тооцооллыг гаргахдаа гишүүдийн 2027 оны сонгуулиас өмнө зооглох насыг тооцож үзсэн болно. Мөн Монголын экс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнийг Х.Баттулгыг хассан. Үргэлжлүүлээд өөр сонирхолтой тоог хуваалцъя.
50 нас: Ирэх он гэхэд УИХ-ын гишүүдийн дундаж нас 50.1-д хүрэхээр байна. Үүнээс хамгийн настай гишүүн нь 76 хүрч байгаа бол хамгийн залуу нь 30 хүрэх аж.
5 нам: Муушиг 5 хүн тоглодог шиг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд 5 нам оролцож буй нь Монголын улс төр тавцанд гарч буй анхны тохиолдол гэнэ.
49.2%: Нийт Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших боломжтой 59 гишүүнээс хамгийн их болох 29 буюу 49.2%-ийг МАН-ын гишүүд эзэлжээ. Удаах байранд 21 гишүүн нь дэвших боломжтой АН орсон бол араас нь 5 гишүүн нь дэвших эрхтэй ХҮН ороод байна.
🥊 Нэг намын зодоон
Энэ 7 хоногийн эхээр УИХ-д суудалтай ИЗНН-ынхан намын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг намаасаа хөөгөөд амжсан. Цаашлаад, шинэ даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон ч энэ үйл явдлын дараа намын дарга Б.Батбаатар гарч ирээд тийм юм байхгүй шүү л гээд хэлчихжээ. Эндээс намууд том жижиггүй хэрүүлтэй байдаг нь харагдана.
Эцэст нь… Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн орчинд сенсацтай үйл явдал гарах нь баараггүй. Одоогийн Ерөнхийлөгч маань ч тус жишгээр УИХ-ын гишүүдийн эргүүлэн татах хуулийг санаачлаад байна. Гэснээс, СЕХ-ны зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн байна шүү. 🔎