2025 онд даатгалын салбарын нийт хөрөнгө 2024 оны мөн үеэс 16.4% өсөж ₮771.3 тэрбумд хүрчээ. Энэ салбарт 22 даатгалын компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ердөө 2 компани салбарын нийт хөрөнгийн 1/3-ийг бүрдүүлж байна.
💰 2 компани
Тодруулбал, Мандал Даатгал (MNDL) болон Тэнгэр Даатгал (TGI)-ийн хөрөнгийн хэмжээ 2025 онд ₮213.4 тэрбумд хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 27.6%-тай тэнцэх дүн юм. Тус компаниуд Мандал Санхүүгийн Нэгдэлийн охин компаниуд гэдгээрээ онцлог төдийгүй мөнгөн хөрөнгийн хэмжээ ₮145.7 тэрбумд хүрсэн нь ойрын өрсөлдөгч компаниудаас ойролцоогоор 3 дахин өндөр үзүүлэлт аж. Эндээс тэдний нөлөө салбартаа хэр их байгааг харж болно.
🔭 Салбарын зураглал: Нийт даатгалын салбарын хөрөнгийн 87.4% буюу ₮674.4 тэрбумыг ердийн даатгалын компаниуд эзэлж байна. Харин үлдсэн 8.8%-ийг давхар даатгал компаниуд, 3.8%-ийг урт хугацааны даатгалын компаниуд тус тус бүрдүүлжээ.
🤔 Ашиг яав? Хөрөнгө нэмэгдсэний хажуугаар тус салбарын цэвэр ашиг ч жилийн өмнөхөөсөө 119.8% өсөж ₮56 тэрбумд хүрсэн ба цэвэр ашиг нь 100%-иас дээш өссөн 6 компани байсан аж. Нөгөөтээгүүр даатгалын салбарын нээлттэй 5 ХК байгаа тэгэхээр тэдний хувьцаа эзэмшигчид цэвэр ашгаас өгөөж хүртэх боломжтой гэсэн үг.
📊 Ногдол ашиг: Тодруулбал, тус 5 ХК-ийн 4 нь 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон. Ингэхдээ ойролцоогоор ₮18 тэрбумын ногдол ашиг тараах ба ногдол ашгийн дүнгээр ₮8.7 тэрбумыг олгох Мандал Даатгал тэргүүлж, ₮6.9 тэрбумыг хуваарилах Тэнгэр Даатгал удаалжээ.
🔎 Ашгийн хөдөлгүүр
Даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох хураамжийн орлогын харьцаа 2024 оноос 15.1% өсөж ₮163.2 мянга болсон нь цэвэр ашиг ихсэхэд жинтэй нөлөө үзүүлэв. Цаашлаад, голлох бүтээгдэхүүнд болох хөрөнгийн даатгалын хураамж өмнөх оноос 25.1%, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 23.8% өсжээ.
Гэснээс даатгалын салбарт AI нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Зарим нэг жишээг харвал, Америкийн Lemonade (LMND)-н AI бот даатгалын нэхэмжлэлийг 2 секундэд шийдвэрлэж, нийт нэхэмжлэлийн 30%-ийг хүний оролцоогүйгээр гүйцэтгэж эхэлсэн аж. Заа тэгээд даатгалын компаниа сонгохдоо нөхөн төлбөр төлөх чадварыг илэрхийлэх нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө гэх мэт гол үзүүлэлтийг нь сайтар судлахаа мартав. ⏰