Банк санхүүгийн академи банкны салбарын тоймыг гаргажээ. Үүнтэй холбоотойгоор хаалттай банкнуудын 2025 оны үр дүнг танилцуулъя. Суга өсөж суга буурсан эвгүй л тоонууд байна даа. Эвлүүлж бичвэл, 👇
💥🪃 Анх удаа ₮10 их наядыг давав
Нийт 12 арилжааны банк байгаа гэдэг ч Чингис Хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2024 оноос хойш тайлангаа нийтлэхээ больсон. Улмаар системийн болон системийн бус 5, 5 банк үйл ажиллагаа явуулж буй. Системийн бус 5 банкны нийт хөрөнгийг харвал жилийн өмнөхөөсөө дунджаар 42.3% өсөж нийт дүн нь ₮10.4 их наяд болсон аж.
📌 Нэмэгдсэн шалтгаан: Тус 5 банкны цэвэр зээл дунджаар 27% нэмэгдэж ₮4.4 их наядад хүрсэн нь нийт хөрөнгийн өсөлтөд нөлөөлсөн хэрэг. Энэ дундаас Капитрон банкны л нийт хөрөнгө ганцаар 5.7% буурсан байна. Улмаар М банк нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж эхэлжээ.
🌈 Эрээн ашиг: Цэвэр ашгийн тухайд, Капитрон банкны цэвэр ашиг 77% буурсан бол Ариг банк ₮12 тэрбумын алдагдал хүлээж. Харин бусад 3 банкны цэвэр ашиг дунджаар 82.8% нэмэгджээ. Энэ дундаас 2024 онд ₮6.4 тэрбумын алдагдалтай ажилласан М банк ₮4.1 тэрбумын ашигтай ажилласан нь онцлох үзүүлэлт байлаа.
🔻 Чанаргүй зээл: Салбарын дунджаас өндөр
Харж байгаачлан дээрх 5 банкны цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь дунджаар 8.6% байгаа. Ариг банкных хамгийн өндөр буюу 12.7% бол Богд банкных хамгийн бага буюу 1.7%. MBA-н тайланд дурдсанаар банкны салбарын чанаргүй зээлийн хувь 15 жилийн доод түвшинд буюу 5% байгаа аж. Тэгэхээр хаалттай 5 банкны хувьд энэ үзүүлэлт дээр анхаарах шаардлагатай байгаа юм.
😶🌫️ Өөрчлөлтийн нөлөө: Цаашлаад, Банк санхүүгийн академийн тоймоос онцлоход зохицуулагч байгууллагуудаас өр орлогын харьцаанд өөрчлөлт оруулснаар цалин, тэтгэврийн зээлийн олголт жилийн өмнөхөөсөө буурсан байна. Харин эсрэг талд хадгаламж барьцаалсан болон кредит картын зээл өсжээ. Боломж боломжоороо л зээл тавиад амьдарч байх шиг.
Эцэст нь… Хэрэв олон нийтэд нээлттэй, системийн нөлөө бүхий 5 банкны 2025 оны тоймыг уншаагүй бол ЭНД дарж уншаарай. Банкны салбарын үзүүлэлтийг хэзээ ч тоймлосон сонирхолтой, үзээтэй байдаг даа.