Он гарснаас хойш сансарт бизнес хийх мөрөөдлийг бодитой болгосон алдарт Элон Маскийн SpaceX IPO-н бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Тэгвэл яг хэзээ IPO хийхээр төлөвлөж буйг нь сонирхоод үзье.
🤫 IPO-н дохио
Энэ сард багтан SpaceX IPO-н хүсэлтээ SEC-д ирүүлэхээр төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Ингэхдээ олон нийтээс $50 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд $1.75 их наядын үнэлгээнд хүрэх төлөвтэй байна. Хэрэв энэ нь амжилттай хэрэгжвэл 2019 онд Saudi Aramco (2223.SR) $29 тэрбумыг босгосноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдоно. Бэлтгэл ажилтай холбоотой зарим нэг мэдээллийг харвал:
6 банк: SpaceX андеррайтераар Citigroup (C), Mizuho (MFG), Royal Bank of Canada (RY.TO), Barclays (BARC.L), Deutsche Bank (DB) болон UBS Group (UBS) зэрэг томоохон 6 банкыг сонгожээ.
$8 тэрбум: Өнгөрсөн онд SpaceX $16 тэрбумын орлого олж, $8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Орлогын дийлэнх хэсгийг буюу 50-80%-ийг нь хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink бүрдүүлсэн аж.
$545 сая: IPO-н хүсэлтэд SpaceX-н эзэмшиж буй $545 саяар үнэлэгдэх 8,285 Биткойн (BTC)-ы мэдээлэл ил болох магадлал өндөр юм.
💰 Бусад хүлээлт
SpaceX-с гадна хэд хэдэн компанийн IPO ойрын хугацаанд хийгдэх хүлээлттэй аж. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр AI-н аварга OpenAI $110 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээ нь $840 тэрбумд хүрчээ. Харин тэдний гол өрсөлдөгч Anthropic Series-н үнэлгээ $380 тэрбумд хүрээд байгаа ба хамгийн сүүлд Series G шатанд $30 тэрбумыг санхүүжилт татсан аж. Түүнчлэн TikTok-г эзэмшигч ByteDance-г хөрөнгө оруулалтын General Atlantic $550 тэрбумаар үнэлээд байна.
Эцэст нь… SpaceX-н IPO-н бэлтгэл ажил ногоон гэрлээр урагш явбал ирэх 6-р сард цан цохих ёслол болох товтой. Тэр үеэр дэлхий нийтээрээ л шуугих нь гарцаагүй тул урьдчилаад та хэддээ энэ талаар хүргэлээ шүү. 😅