Өчигдөр манай хувийн томоохон эмнэлэг Японы эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн тэргүүлэгч групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ. Тэгвэл өнөөдөр үүнтэй холбоотой анхаарал татах хэд хэдэн мэдээллийг хуваалцъя.
💴 2.2 тэрбум ¥
Интермед эмнэлэг International University of Health and Welfare (IUHW) группээс ¥2.2 тэрбумын хөрөнгө оруулалтыг татаж, нэрээ Интермед IUHW эмнэлэг болгож өөрчиллөө. Энэ хөрөнгө оруулалт нь 2015-2025 онуудын I улирал хүртэлх эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын нийт ГШХО-аас 3.6 дахин өндөр дүн бөгөөд хувийн эрүүл мэндийн салбарт орж буй хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Үүнээс гадна,
🩻 Арвин туршлага: IUHW нь Япон даяар харьяа 6 эмнэлэг, 65 гаруй эрүүл мэнд, нийгмийн халамжийн төв, 5 кампус, 11 сургуультай ба нийт 13 мянга орчим ажилтан, 12 мянга гаруй оюутан, 39 мянган төгсөгчтэй томоохон байгууллага юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд Японы эрүүл мэндийн салбарын стандарт, арвин туршлага, технологи Монголд нэвтрэх төдийгүй дэлхийд тоотой хэд байдаг 320 зүслэгтэй компьютерт томографын (CT) төхөөрөмж болон зүрх, тархи, судасны гээд бүтэн биеийн ангиографийн аппарат орж ирэх аж.
⛑️ Салбарын тойм
Монголд орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2025 оны эхний улиралд нийт $2.3 тэрбумд хүрсний 0.01% буюу $0.2 саяыг нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбар эзэлж байна. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй томоохон асуудал бол эмнэлгийн хүртээмжгүй байдал болон хүний нөөцийн дутагдал болоод байна. Энэ асуудлыг шийдэхэд төрөөс гадна хувийн хэвшлүүдийн оролцоо ч асар чухал билээ.
Эцэст нь… Нэг үеэ бодвол хувийн хэвшлүүд маань дан ганц уул уурхайд бус бусад олон төрлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах болжээ. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт татаж чадаж буй нь хүн амын эрүүл мэнд хийгээд нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх боломжийг нээж байна даа. 🙌🏻