Амралтын өдрүүдэд дэлхий нийтийг анхаарлын хамгийн их татсан сэдэв яах аргагүй л Ойрх Дорнодод үүссэн Америк, Израил, Иран хоорондын хурцадмал байдал байлаа. Тиймээс юу болсныг тоймлон хүргэе.
⚠️ Дуулиант өдөр
Өнгөрсөн Бямба гарагт Америк болон Израил хамтран Ираны 31 мужийн 24-т агаарын цохилт өгсөн. Ойрх Дорнодын бүс нутагт энх тайвныг тогтоох зорилготой энэхүү ажиллагаа нь Ираны цөмийн байгууламж, пуужингийн дэд бүтэц, удирдлагын төвүүд рүү чиглэсэн аж. Үр дүнд нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени нас барсан бөгөөд үүнтэй холбоотой тус улсад 40 хоногийн гашуудал зарлаж, төрийн эрхийг парламент дахь түр зөвлөл хариуцахаар болжээ.
🥊 Хариу цохилт: Дайралтад өртсөн Ираны хувьд 300 орчим баллистик пуужин, дрон ашиглан Израил болон Америкийн цэргийн баазууд байрлах Бахрейн, Кувейт, Катар, АНЭУ, Саудын Араб зэрэг орнууд руу хариу цохилтыг өгчээ.
📊 Зах зээлийн хөдөлгөөн
Үүссэн асуудлын улмаас Биткойн (BTC)-ы үнэ $64 мянгаас доош огцом унаж, 15 минутын дотор $100 саяас дээш хэмжээний өндөр хөшүүрэгтэй арилжаанууд салхинд хийссэн. Харин Ираны дээд удирдагч нас барсан мэдээний дараа богино хугацаанд $BTC-н үнэ $68 мянгад хүрчээ. Нэг үгээр криптовалютын зах зээл утгаараа савласан юм.
🛢️ Газрын тос: Ойрх Дорнодын асуудлаас үүдэн ОПЕК+ орнууд газрын тосны нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх зорилгоор 4-р сард олборлолтоо 206 мянган баррелиар өсгөхөөр шийджээ. Хэрэв энэ хурцадмал байдал удаан үргэлжилбэл брент төрлийн газрын тосны үнэ $120–$150 хүртэл өсөх магадлалтай хэмээн шинжээчид үзсэн аж.
🇲🇳 Холбоотой мэдээ
МИАТ ТӨХК нь Бахрейны Gulf Air компанид Boeing 787-9 онгоцоо түрээслүүлж, тус онгоцны нисэх бүрэлдэхүүнээ хамт ажиллуулж байна. Үүссэн нөхцөлийн улмаас МИАТ ТӨХК Бахрейны Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүсэд нүүлгэн шилжүүлэв. Сонирхуулахад, Ойрх Дорнодын бүс нутагт 350 орчим Монголчууд оршин сууж буйг Гадаад Харилцааны Яамнаас мэдээлээд байна.