Нийслэлийн төсөв 2023 оноос хойш гэрлийн хурдаар тэлж байгаа. Хажуугаар нь жил бүр батлагдсан төсвийг нэмж тодотгодог. Он гарснаас хойш 8 долоо хоногийн дараа энэ тойрог дахиад л үргэлжиллээ.
🤒 Нэмнэ, нэмнэ тултал нэмнэ
2021-2025 оны хооронд нийслэлийн төсвийн орлого болон зардал жилд дунджаар 40% нэмэгдсэн. Тэр дундаа 2024 оны сонгуулийн жил бол зах замбараагүй өсөв. Зардал нь л гэхэд 75% тэлж ₮5.6 их наядыг давсан аж. Харин өнгөрсөн онд энэ тоо улам талийж ₮7.3 их наядыг шүргэснээр төсвийн алдагдал рекорд тогтоож ₮3 их наяд болжээ.
🤥 Яана вэ: Харж байгаачлан нийслэлийн төсөв эдийн засгийн бодит өсөлтөөс хол давсан хурдаар тэлж байна. Ийм өндөр алдагдал, давтамжтай тодотгол нь ирээдүйн өрийн дарамт, инфляцын эрсдэл, бодлогын тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх магадлалтай юм.
❌ Тэлэлтийн үр дүн?
Одоогоос 2 жилийн өмнө сургууль хэрэгтэй байна, метротой болмоор байна гээд төсөвт тодотгол оруулж байв. Гэтэл одоо ч сургуулийн асуудал дорвитой шийдэгдээгүйн дээр метроны бүтээн байгуулалт дээр цэг ч тавиагүй байгаа. Дэд бүтцийн төслүүдийг урагшлуулна гээд төсвөө нэмээд тодотгоод байдаг ч үр дүнг нь хэн ч сөхөхгүй байгаа нь асуудал. Нийслэлийн засаг даргын орлогч нь нүүрс зэсийн үнэтэй уялдуулаад боломжтой үедээ төсвөө тэлээд явъя гээд сууж байна.
🥲 Тодотгол 2026: ₮350 тэрбумын үл үзэгдэгч трамвай
Энэ жилийн тухайд COP17-г зохион байгуулахад ₮71 тэрбум, ₮200 тэрбумын бонд гаргаж ДЦС-5 төсөлд хөрөнгө оруулахын тулд ₮1.5 тэрбумын зардал, одоо ч нүдэнд үл үзэгдэх трамвай төслөө урагшлуулмаар байна гээд ₮350 тэрбум хэрэгтэй болж гэнэ. Төсөв өргөн барихад тусгаж болоогүй бололтой. ₮350 тэрбумыг трамвай төслийн ямар үе шатад, яаж зарцуулах нь тодорхойгүй.
📌 ₮748.4 тэрбумаар нэм: Нийтдээ энэ жилийн төсөв дээр ойролцоогоор ₮640 тэрбум орчмын зардал нэмэгдэнэ гэдгийг зарлаад байна. Мэдээж үүнийг дагаад төсвийн орлогыг ч батлагдсан дүнгээс 16.1% буюу ₮748.4 тэрбумаар нэмэгдүүлж ₮5.4 их наядад хүргэх аж. Тэгэхээр одоо татвараа улам л ихээр төлөх нь дээ.
Эцэст нь… Төсөв замбараагүй тэлэхийн хэрээр хаа сайгүй болсон болоогүй төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ онд зээлээр хэрэгжүүлж байгаа 14 төслийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт ₮100.3 тэрбумыг төлнө. Үр дүнгийн хэмжилт бас л байхгүй. Нэмээд нийслэлийн төсвийн талаарх тоо баримт ч замбараагүй, төсвийн төсөл дээр нэг өөр, ҮСХ дээр нэг өөр, гүйцэтгэлийн тайлан дээр бүр ч өөр байна. Ай тоогүй, тоогүй.