Импортын цементийн гаалийн татварыг 5% болгон бууруулсан шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх бол? Сонирхох уу?
Цемент: Барилгын салбарын талх
ЗГ-аас импортын цементийн гаалийн татварыг 5% бууруулсан шалтгааныг цементийн үйлдвэрүүд түүхий эд болон түлшний нөөцөө хангалттай бүрдүүлээгүй тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүснэ гэх шалтгаанаар бууруулахаа мэдэгдсэн. Гаалийн татварыг бууруулснаар орон сууцны үнийг бууруулж чадна гэх хүлээлттэй байгаа. Сонирхолтой нь дотоодын цементийн үйлдвэрүүд зах зээлийн хэрэглээнээс 2 дахин илүү нийлүүлэлтийг хангалттай хийх чадалтай гээд байгаа. 🤔
Монголд үйлдвэрлэв: Дотоодын томоохон үйлдвэрлэгчид ашиглалтад орохоос өмнө импортын буюу Хятадын цемент зах зээлд давамгайлж, тэр хэрээрээ валютаа гадагш урсгадаг байв. Харин дотоодоос цементийн хэрэгцээг хангах болсноор сүүлийн 5 жилд нийт $484 саяыг дотооддоо хадгалсан байдаг.
85% 👉 12%: Цаг хугацааг ухраагаад 2013 оны цементийн зах зээл рүү өнгийвөл импортын цементийн зах зээлд эзлэх хэмжээ тус онд оргил үедээ буюу 85%-д хүрч байв. Харин одоо бол 12% болоод буй. Энэ бол ЗГ-ын 2013-2015 онд хэрэгжүүлсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн байсан гэж хэлж болохоор.
Үнийн өрсөлдөөн: Гэснээс 5%-ийн татварын нөлөөгөөр 1 тн ууттай цемент 20%-ийн гаалийн татвартай байх үеэс 14% буурч ₮275,000-өөр борлуулагдах төлөвтэй байгаа. Харин дотоодын үйлдвэрлэгчдийнх ₮325,000 байгаа юм. Юу гэсэн үг вэ, гэхээр зах зээлд чанараараа биш дээрээс тогтсон үнийн төлөө өрсөлдөх болно гэсэн үг.
Орон сууцны үнэтэй байхад юу нөлөөлж байна?
Энэ оны эхний улирлын байдлаар орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 3% өсөхөд материалын өртөг 3.9% өсөхийн сацуу, цалингийн зардал 4.5% өссөн нь голлон нөлөөлсөн. Товчхондоо орон сууцны үнийн өсөлтөд тус салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс, бусад импортын барилгын материал, тоноглолын зардал ч нөлөөлж буй.
Сонирхолтой нь, цементийн үнэ 10% өсөхөд, нийт барилгын төсөв 0.4% өсдөг аж. Үүнээс харахад орон сууцны үнийг бууруулахад ганц цементийн үнийг бууруулах нь хангалтгүй мэт.
Эцэст нь… ЗГ-ын хүлээлт бол цементийн үнэ буурснаар гоё^2 бүтээн байгуулалтуудаа цагт нь хийж, орон сууцны үнийг бууруулах. Гэсэн ч үүний ард барилгын чанар, бат бэх байдал орхигдоод байх шиг. Монголд барилгын чанар ямархуу байгааг үер ус, галын асуудлууд алхам тутамд л сорьж харуулдаг даа.