Хувьцаат компаниуд эхнээсээ ногдол ашгийн шийдвэрээ танилцуулж эхэллээ. Юу болж байгаад дурлая.
🤯 14 ХК-ийн НА = ₮352 тэрбум
Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 14 ХК ногдол ашиг (НА) тараах шийдвэр гаргаад байна. $MSE өөрөө ч нэгж хувьцаанд ₮43.44-ийн ногдол ашиг тараахаар болов. Үүний өгөөжийг шийдвэр гаргасан өдрөөр нь тооцвол 12.9%. НА-ийн шийдвэр гаргасан ХК-иудын онцлох үзүүлэлтийг шинжвэл:
📌 Өндөр^2: Ногдол ашгийн өгөөжөөр нь жагсаан харвал Мандал Даатгал (MNDL)-ынх хамгийн өндөр буюу 21.6%. Үүнийгээ дагаад НА-ийн шийдвэр гарсны дараагаа өнгөрсөн Баасан гараг хүртэл хувьцааны үнэ нь 26.8% өссөн аж. 9 компанийн НА-ийн өгөөжийг тус бүрийн шийдвэр гаргасан өдрийн хувьцааны үнэтэй харьцуулж тооцож байгааг дурдъя.
🔻 Өгөөжтэй ч уналттай: Нөгөөтээгүүр 9.6%-ийн өгөөжтэй НА тараах шийдвэр гаргасан ЛэндМН ББСБ (LEND)-ын хувьцааны үнэ шийдвэрийн араас тасралтгүй унасаар. Баасан гаргийн байдлаар шийдвэр гарснаас хойш нийтдээ 3.8% унав. Мөн Хүрд ХК (HRD)-ийн хувьцааны үнэ шийдвэрийн араас 2.2% буурав.
🧧 Хамгийн бага өгөөж: Цаашлаад, Монгол Шуудан (MNP), Сүү ХК (SUU)-ийн ногдол ашгийн өгөөж одоогоор хамгийн бага байгаа. Гэсэн ч шийдвэрийн араас хувьцааны үнэ бага зэрэг өсжээ. Сонирхолтой нь 2021 онд ₮200 орчимд хэлбэлзэж байсан $SUU-н үнэ одоо ₮630 даваад буй. Улмаар P/B харьцаа нь 3.1 болоод байна.
❌ Ногдол ашиг тараахгүй = 4
Эсрэг талд Ган хийц ХК (GHC), Эрдэнэс сольюшинс ХК (AMT), Стандарт ноос ХК (ALI) болон Эм Жи Эл Акуа ХК (MGLA) зэрэг компаниуд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлээд буй. Шалтгаан нь алдагдал болон өрийн асуудал ажээ.
🤔 Амжилтаа эвдэх үү?
Өнгөрсөн онд 37 ХК нийт ₮1 их наядын ногдол ашиг тарааж түүхэн дээд амжилт тогтоож байв. Өөрөөр хэлбэл, нийт НА-ийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 90.4% өссөнөөс гадна дундаж өгөөж нь 5.6%-д хүрсэн билээ. Харин одоо энэ тоо хэр өөрчлөгдөх бол гэдэг сонирхолтой. Ердөө 18 ХК шийдвэрээ танилцуулсан тул цаашид байдал өөрчлөгдөх нь тодорхой. Нэмээд ХААН Банк (KHAN) өнгөрсөн оны нийт НА-ийн 39%-ийг дангаараа бүрдүүлж байсан. Тэдний шийдвэр ч мөн чухал байна даа.