Олон зууны туршид стратегийн гэдэг үгийг өөртөө агуулсаар ирсэн шатрын спортын талаар нэгэн мэдээг хүргэж байна. Энэ бол шатарт дуртай сая сая хүний хооронд гүүр болж яваа Chess.com-н тухай билээ.
🌏 243 сая шатарчин
Алдарт Chess.com платформын 2025 оны үйл ажиллагааны тайлан нийтэд ил боллоо. Өнгөрсөн оны байдлаар Chess.com-р дамжуулж дэлхий даяар нийт 243 сая гаруй хүн шатар нүүсэн аж. Түүнчлэн IV улиралд шинээр 13.5 сая хэрэглэгч Chess.com-д бүртгүүлсэн бөгөөд өдрийн идэвхтэй шатарчдын тоо 8.7 саяд хүрч, нийт 2.5 тэрбум удаа шатар нүүжээ.
👾 Платформын угшил: Chess.com нь тэртээ 1994 онд анх вэб хуудасны домэйн нэрээ бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлж явсан ч амжилт ололгүй 2005 онд дампуурч, $55 мянгаар зарагдаж байв. Харин шинээр худалдан авсан эзэд нь 2007 онд Chess.com-н үйл ажиллагааг шинээр эхлүүлсэн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл Chess.com-н гишүүдийн тоо даруй 486 дахин өсөөд байна.
💰 Ашиг, орлого
Онлайн шатарчдын тоо огцом өсөж байгаа нь Chess.com-н freemium буюу төлбөргүй үнийн бодлоготой салшгүй холбоотой. Дийлэнх Freemium үнийн бодлоготой бизнесүүдийн хувьд нийт хэрэглэгчдийн 2%-5% нь төлбөр төлдөг. Хэрэв энэ нь Chess.com дээр адилхан гэж үзвэл одоогийн 243 сая хэрэглэгчийн 2.5% нь 12 сарын турш төлбөртэй үйлчилгээ авбал зөвхөн гишүүнчлэлийн орлогоос гэхэд жилд $364.5 саяыг олдог байх боломжтой юм.
Эцэст нь… Монголд Chess.com ашигладаг шатарчид цөөнгүй гэдгийг 5.3 мянган шатарчинтай “Team Mongolia” клубээс харж болно. Энэхүү клуб нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд мянга гаруй тоглолтууд явагдсан аж. За тэгээд манай лимонууд гал морин жилдээ шатрын морь шиг овжин нүүдлийг нэлээдгүй хийгээд өгөөрэй. 🔥🐴