Технологийн акул Google-н толгой компани болох Alphabet (GOOG) Швейцар болон Их Британид 100 жилийн хугацаатай бонд гаргахад тун ойрхон байна. Сонирхолтой нь технологийн компаниудаас хамгийн сүүлд тэртээ Dot-Com-н хөөсрөлтийн үе болох 1997 онд Motorola (MSI) 100 жилийн хугацаатай бонд гаргаж байжээ.
✍🏻 Бэх нь хатаж амжсангүй
Саяхан $GOOG түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу $20 тэрбумын дүнтэй бондыг амжилттай босгосон. Компани анх $15 тэрбумыг босгохоор төлөвлөсөн ч захиалгын хэмжээ нэмэгдснээр бондын дүн өссөн аж. Бэх нь хатаж амжаагүй байхад $GOOG 100 жилийн хугацаатай, $20 тэрбумын дүнтэй бонд гаргах төлөвлөгөөгөө олон нийтэд зарлажээ.
💰 Саяхны түүх: Нэмээд $GOOG өнгөрсөн 11-р сард Америкийн зах зээлд 50 жилийн хугацаатай, $17.5 тэрбумын бонд гаргаж, захиалгын дүн нь $90 тэрбумд хүрчээ. Энэхүү бонд нь 2025 онд Америкт гарсан хамгийн урт хугацаатай технологийн компанийн бонд байв.
🕵🏻♂️ Юунд зарцуулах вэ?
Цаашлаад, компани энэ онд ойролцоогоор $185 тэрбумыг нийт хөрөнгө оруулалтаа зарцуулах төлөвлөөгөөтэй байгаа бөгөөд тус дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өндөр дүн болох аж. Компанийн хувьд эдгээр бондуудаар AI, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
💸 Бусад томчууд: Энэ онд Meta (META), Microsoft (MSFT) зэрэг технологийн томчууд хөрөнгө оруулалтын зардлаа $165 тэрбумаас $400 тэрбумд хүргэх төлөвтэй байгаа аж. Иймээс компаниудад AI болон бусад технологитой холбоотой төслүүдийг урагшлуулах санхүүгийн эх үүсвэр ус агаар шиг хэрэгтэй болоод байна.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай $GOOG-н бонд нь эрсдэл багатай сонголт байх нь гарцаагүй. За тэгээд энэ жилдээ багтаад тус бондыг авчихвал 2126 онд хугацаа нь дуусах юм байна шүү. 😜