Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан нам дангаараа 316 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ.
🗞️ Сонгуулийн тойм
Японы парламентын доод танхимын сонгууль 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд нийт 465 суудлаас бүрддэг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан Либерал Ардчилсан нам Инновацын намтай эвсэн орж, танхимын 465 суудлын 352 буюу нийт суудлын гуравны хоёрын саналыг авсан аж. Харин сөрөг хүчний Төв шинэчлэлийн эвсэл 49 суудал авсан нь өмнөх сонгуулиар авсан суудлынхаа тоог эрс алдсан явдал байв.
🧭 Ялалтын хөтөч
Наран улсын анхны эмэгтэй ЕС Санаэ Такаичи нь ажлаа хүлээн авснаас хойш 110 өдрийн дараа ээлжит бус сонгууль зарласан. Түүний мөрийн хөтөлбөрт төрөөс бизнесүүдийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тусгагджээ. Үүнээс гадна цагаачлал болон Хятадын эсрэг хатуу бодлогыг хэрэгжүүлэх талаар орсон нь сонгогчдын дэмжлэгийг авахад томоохон нөлөө үзүүлсэн аж.
💹 ХЗЗ-д ээлтэй мэдээ: Сонгуулийн мэдээний дараа өчигдөр Nikkei 225 (^N225) индекс огцом 5.7% өсөж түүхэндээ анх удаа 57 мянгыг давсан бол ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 0.051 нэгж хувиар нэмэгдэн 2.3%-д хүрчээ.
Эцэст нь… Японы эрх баригчид Хятадаас хамаарлаа бууруулахын хүрээнд гуравдагч хөршүүдийн уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, тээвэр логистикийн зэрэг салбаруудад стратегийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Тэгвэл тус боломжийг Монголын зүгээс овжин байдлаар ашиглаж Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх бүрэн боломжтой юм.