Өнгөрсөн 7 хоногт ипотекийн зээлийг давхардуулж олгодог асуудал дахин сөхөгдлөө. Албан ёсоор “нэг иргэнд нэг ипотек” гэдэг ч бодит байдал дээр юу болж байна вэ?
🤔 Нөхцөл байдал: 1 = ₮86 сая
Одоогоор нийт ₮11.4 их наядын ипотекийн зээл олгосон байгаагийн 57% нь сүүлийн 2 жилд олгогдсон байна. Тус хугацаанд сард дунджаар ₮261 тэрбумын зээл олгодог аж. Нийт зээлийн дансны тоо 132.7 мянга буюу 1 зээлдэгчид ₮86 саяын зээл ногдож буй. Үүнээс сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт огцом тэлж байгааг харж болно.
‼ Эргэлзээтэй 110 мянга
Харин өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл өгсөн. Ингэхдээ нийт ипотекийн зээл авагчдын 79% буюу 110 мянга нь ипотекийн зээл авах сегментийн иргэд биш буюу өмнө нь орон сууцтай байсан хүмүүс гэдгийг дурдсан.
😬 Хар төрүүлэм 12 мянга: Цаашлаад Сангийн яамны мэдээллээр 3+ орон сууцтай иргэдийн тоо 12 мянга байгаа аж. 3-5 орон сууц авсан иргэд өөрийнхөө орлогоор авсан уу, ипотекийн зээл ашиглаж авсан эсэхийг тодотгох ёстой байгаа юм.
🔻 Зорилтот бус тэлэлт
Нэг иргэнд нэг ипотекийн зээл олгоно гэдэг заалт цаасан дээр л үлдсэн мэт. Өрхийн гишүүдээр дамжуулан зээл авах, өмчлөл ба зээлийн мэдээллийн уялдаа сул байгаагаас шалтгаалан олон орон сууцыг ипотекийн санхүүжилтээр авсан байх магадлал өндөр байна. Олон улсад үүнийг “зорилтот бус ипотекийн тэлэлт” гэж үздэг.
📌 Ипотекийн зээлийг бодит хэрэгцээ бус, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах нь орон сууцны үнийг хиймлээр өсгөж, анхны худалдан авагчдыг зах зээлээс шахдаг. 2008 оны санхүүгийн хямралын өмнө Америк,, Испани, Ирландад яг ийм загвар бий болж, үүний дараа ипотекийн бодлогод хатуу зохицуулалт нэвтрүүлсэн билээ.
Эцэст нь… Орон сууцны үнэ сүүлийн 47 сард 72% өссөн. Ипотекийн зээлийн анхны зорилго нь орлогын дунд, доод бүлгийн иргэдийг орон сууцтай болгох байсан ч өнөөдөр хуримтлал, мэдээлэлтэй хэсэг нь олон орон сууц эзэмших суваг болгон ашиглаж байна. Зээл олгож буй банк, бодлого тодорхойлогчид, хяналтын байгууллагууд энэ асуудлыг цэгцлэхгүй бол ипотекийн зээл нийгмийн дэмжлэг бус, үл хөдлөхийн үнийн өсөлтийг хурдасгагч хэрэгсэл болж хувирах эрсдэл улам нэмэгдсээр байна.