Өнгөрсөн Бямба гарагт Ши Жинпин Хятад юанийн (¥) эрин үеийг эхлүүлж, дэлхийн валютын нөөцийг ¥-аар бүрдүүлэхээр зорьж буй талаарх ярилцлага нийтлэгдсэн байна. Гэхдээ энэ нь түүний 2024 оны яриа бөгөөд 2 жилийн дараа Коммунист намын гол сэтгүүл болох Qiushi дээр гэнэт гараад ирэв.
🤔 Хэрэг, зориг хэнд вэ?
Тэрбээр геополитик, эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэж ¥-ийг $-той өрсөлдөхүйц хүчтэй валют болгох шаардлага улам бүр нэмэгдэж байгаа төдийгүй дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалд ¥-ыг өргөнөөр ашиглаж, дэлхийн валютын нөөц гэх статусыг эзэмших хүсэлтэй байгаа аж.
🔪 Санхүүгийн зэвсэг
Ноён $ өдгөө дэлхийн нийт валютын нөөцийн 56%, гадаад шилжүүлгийн 89%-ийг тус тус бүрдүүлж буй. Хятадын үзэж буйгаа Америк тэр тусмаа Доналд Трамп $-ын нөлөөг санкц, төлбөрийн систем гэхчлэн санхүүгийн зэвсэг мэт ашиглаж байгаа. Тиймээс л Хятад өөрийн валютын дархлааг бэхжүүлэхийн сацуу өөрийн нөлөө бүхий бүс нутгийн BRICS-н орнуудад нэвтрүүлэхийг хүсэж буй.
🔎 Нөхцөл байдал
SWIFT-н “Yuan Tracker” сар тутмын тайлангаар, 2020 оны эхээр дэлхийн худалдааны төлбөрт ¥-ийн эзлэх хувь 1.9% байсан бол өнгөрсөн оны 11-р сард 8.4% болж, 4 дахин өсөөд буй. Улмаар $-ын араас 2-р байранд жагсаж буй.
¥-ийн өсөлтөд Америкийн Орос, Иран тэргүүтэй орнуудад тогтоосон худалдааны хориг нөлөөлж, тэдгээр улсууд Хятадтай худалдаа, наймаагаа ¥-аар хийх болсон нь ихээхэн нөлөөлсөн.
Гэсэн ч тус улсын ханшийн хөдөлгөөнд оролцож, тогтоодог байдал алга болохгүй л бол дэлхийн валютын хаан болох боломж бараг л байхгүй.
💶 Евро хараа булаав
Доналд Трампын нөлөөгөөр $ улам бүр итгэлтэй бус эрсдэлтэй гэх төлөв рүү шилжиж байгаа ч энэ орон зайг Хятад гэхээсээ илүү Европын орнууд нөхөх магадлал хамгийн өндөр. Тодруулбал, ОУВС-гийн төв банкнуудын валютын нөөцөд хийсэн судалгаагаар, 2001 онд төв банкнуудын $-ын нөөц 59.4% байсан бол 2025 оны III улирал гэхэд 56.9% болж, ¥ 2.9%-иас 1.9% болж буурчээ. Харин € 19.3%-иас 20.3% болж өссөн байна.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд Хятад BRICS-н уулзалт болгон дээр $-оос салах төлөвлөгөөгөө ярьж, өөрийн гэсэн төлбөр тооцооны хэрэгсэл, төв банктай болох гэхчлэн олон хувилбарыг сонордуулах болсон. Хятад тодорхой улсуудтай ¥-ийн нөлөөг нэмэгдүүлэх боломжтой ч зах зээл дэх хяналтаа суллахгүй бол дэлхийн валютын хаан болох ч асар хол байна даа.