Монгол Улсад санхүүгийн зах зээлийн орчин үеийн зохицуулалтын тогтолцоо бүрэлдэн тогтоход онцгой үүрэг гүйцэтгэж буй Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны 20 жилийн ой тохиож байна.
⏳ Өнгөрсөн хугацаанд
Анх 2006 онд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг нэгтгэн зохицуулах бие даасан байгууллага болон байгуулагдсан СЗХ нь өнөөдөр зах зээлийн тогтвортой байдал, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэлийг хангах үндсэн тулгуур институт болон хөгжсөн байна.
📌 Тэдний хувьд санхүүгийн зах зээлийн эрх зүйн суурийг тавих, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд төвлөрч ажилласан. 2012 онд дунд хугацааны стратегиа баталж, зээлийн батлан даалт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлогын үндсийг тодорхойлов. Энэ үеэс зах зээлийн зохицуулалт илүү системтэй, бодлогын түвшинд шилжсэн нь дараагийн өсөлтийн суурь болжээ.
📈 Үйл ажиллагааны тэлэлт
Одоогоор СЗХ-ны ажлын алба 9 газар, 4 алба, 4 хэлтсээс бүрдэж буй. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл болон банк бус санхүү, хадгаламж зээлийн хоршоо, үнэт металл, ҮХХ, ВХҮҮ, мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгчийн салбар зэрэгт хяналт тавьж ажилладаг. 2024 онд л гэхэд СЗХ-ны 23 удаагийн хуралдаан болж 542 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 657 тогтоол гарсан байдаг.
👀 Ойг угтах уралдаан
Сонирхуулахад, СЗХ 20 жилийн ойгоо угтан “Санхүүгийн Инновац ТекСпринт” уралдааныг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад уг уралдааны хамтран зохион байгуулагчаар Lemon Press ажиллаж байгаа бөгөөд уралдааны бүртгэл 2 сарын 1-нд эхлэх юм шүү.
📝 Ямар учиртай уралдаан бэ? ТекСпринт 2026 нь санхүүгийн салбарт тулгамдаж буй өрийн дарамт, хариуцлагагүй зээлийн эрсдэлийг технологид суурилсан ухаалаг шийдлээр бууруулах зорилготой. 3-5 хүний бүрэлдэхүүнтэй багууд оролцох бөгөөд шалгарсан багууд богино хугацаанд өөрсдийн технологийн шийдлийг хөгжүүлж, мэргэжлийн менторуудын дэмжлэгтэйгээр өрсөлдөнө.
Эцэст нь… Уралдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хуваалцъя. 2023 оны ТекСпринт уралдаанд 34 оролцогч оролцон санхүүгийн луйвар, зохицуулалтгүй үйл ажиллагааг илрүүлэх технологийн шийдлүүдийг хөгжүүлэн өрсөлдсөн. Энэ удаад ч хэрэгцээт шийдлүүд танилцуулагдана гэдэгт итгэлтэй байна. Stay tuned!