Азийн бүтээмжийн байгууллага (APO) Монгол Улсын 2026-2035 оны бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсруулж, ЗГ-т хүлээлгэн өглөө.
🔍 Хэр том байгууллага вэ? APO нь Японд төвтэй, Азийн 21 гишүүн оронтой бүс нутгийн түвшний байгууллага юм.
📃 Мастер төлөвлөгөө
APO-н тооцооллоор Монгол Улс бүтээмжийн томоохон шинэчлэл хийхгүйгээр урсгалаараа явбал 2000-2024 онд дунджаар 6.2% өссөн эдийн засаг удааширч, 2026-2035 онд 4.2%, 2036-2050 онд 2.8%-д хүрэх эрсдэлтэй тулна. Ижил хугацаанд хөдөлмөрийн бүтээмж 4%-иас 1.4% болж буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт удаашрахад томоохон нөлөө үзүүлэхээр байна.
Цаашлаад, ЗГ-ын эдийн засгийн өсөлтийг 6 ба түүнээс дээш хувьд хадгалах зорилт бодитоор хэрэгжихийн тулд Монгол Улс бүтээмжээ 3% нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.
Улмаар зах зээлийг хүртээмж, технологи ба цахимжилт, хүний нөөцийг чадавхжуулах гэхчлэн 5 стратегийн чиглэлийг тодорхойлж, бүтээмжид хамгийн өндөр нөлөөтэй 8 салбарыг тодорхойлжээ.
😪 Бодит байдал дээрх монголчуудын бүтээмж…
Өнгөрсөн оны III улирлын байдлаар 1 ажилтанд ногдох ДНБ өмнөх оноосоо 1.3% өсөж ₮5.9 саяд хүрсэн. Энэ нь дэлхийн дунджаас 3.6 дахин бага үзүүлэлт төдийгүй бид бүтээмжээрээ 181 орноос 105-т жагсдаг. Задалбал, капитал хамгийн их төвлөрсөн уул уурхайн салбар, дараад нь санхүү, даатгалын үйлчилгээний салбарт бүтээмж хамгийн өндөр, харин ажиллах хүчин ихээр төвлөрсөн ХАА, төрийн алба зэрэг нийтийн салбарт хөдөлмөрийн бүтээмж сул явж ирсэн.
Сүүлийн 10 жилийн трэнд: 2015-2024 онд улсын хэмжээнд бүтээмж 21% өсөж жилийн ₮22.5 саяд хүрчээ. Хэдий уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.5 дахин их байгаа ч 2015 онд ₮97.3 саяд хүрч байснаасаа 1.8 дахин буураад буй.
Өөр нэгэн онцлох үзүүлэлт нь 2022 оноос эхлэн санхүү болон даатгалын салбарын бүтээмж уул уурхайн салбарын бүтээмжийг давах болов.
Гэхдээ… Монголчууд залхуу гэхээсээ илүү бүтээмжийн үзүүлэлт тухайн салбарын хөрөнгө оруулалт татах, технологи нэвтрүүлэлт, баялаг бүтээх чадварыг харуулж буй. Гэтэл манай улсын эдийн засаг баялаг бүтээх бус, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг дахин хуваарилах замаар он удаан жил явж ирсэн. Ядаж л жижиг, дунд бизнес эрхлэгчдийн баазаа өргөсгөх чиглэлд ажиллахгүй бол бүхэл бүтэн салбарын бүтээмжийг шууд нэмнэ гэж байхгүй. Ер нь тэгээд эргээд л “Монголд бизнес эрхлэх хэр билээ” гэх асуудал дээр бууж байгаа юм даа.