5 сарын 8, 2024
Монголчуудын дунд уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл өгч байгаль орчноо сүйтгээд байна гэсэн тогтсон ойлголт байдаг. Тэгвэл энэ хэр зөв ойлголт вэ?
Нийт газар нутгийн 4.3%
Нийт хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хэмжээг харвал Монголын газар нутгийн ердөө 4.3%-д нь л олгосон аж. Тодруулбал, ашиглалтын лиценз нийт нутгийн 1.2%, хайгуулынх 3.1%-ийг эзэлж буй.
Аймгаар харвал: Орхон аймагт хамгийн их уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон буюу нийт газар нутгийнх нь 12.7%-д ашиглалтын, 8.2%-д хайгуулын зөвшөөрөл тус тус олгогджээ. Дараагаар нь Дундговь аймгийн нийт газар нутгийн 7.6%-д, Өмнөговийн 5.4%-д тус тус уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон аж.
Хор нөлөө юу байна?Цаашлаад байгаль орчны нөлөөллийг нь харвал Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол Өмнөговь аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Үүнээс Оюу толгой зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаандаа илүү дэвшилтэт технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай байгаа нь харагдана.
Нөлөө: Уул уурхайн салбарын сөрөг нөлөөг харвал усны чанарт хамгийн өндөр нөлөө үзүүлж буй. Гэхдээ Оюу толгой зэрэг томоохон төслүүд усаа хамгийн өндөр хувьтай буюу 87%-ийг дахин ашиглах замаар энэ асуудалд анхаарч байгаа аж.
Буурсаар…
Түүнчлэн 2023 онд нийт 990 хайгуулын лиценз олгогдсон нь 2016 оныхоос 2 дахин буурсан дүн юм. Уг нь манайх шиг улсад хайгуулын лицензийг нэмэгдүүлэх нь хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, тусгай зөвшөөрлийн төлбөр, татвараар ЗГ-т орлого оруулах, хамгийн гол нь ашигт малтмалын нөөцөө цогцоор нь тодорхойлж, хөгжүүлэх боломжийг бий болгох юм.
Эцэст нь… Энэ бүгдээс харахад уул уурхайн компаниуд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс илүүтэй ДНБ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй. Тэгэхээр уул уурхайн тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлчихлээ байгаль орчин чинь сүйдэх нь гэх ташаа ойлголтоосоо салж, уул уурхайн хөгжилд тулгуурлан эдийн засгаа улам хөгжүүлэхэд л анхаармаар байна даа.