ХХБ (TDB)-ны тайлан гарснаар ТОП-5 банкны 2025 оны тайланд шинжилгээ хийх боломжтой боллоо. 2024 оны эцэст бүх банкны ашгийн үзүүлэлт ногоон өнгөтэй байсан бол энэ удаад байдал өөрөөр эргэжээ.
😵💫 ₮75.3 тэрбумаар буурав
ТОП-5 банкны нийт цэвэр ашиг 2024 оны эцэст жилийн өмнөхөөсөө дунджаар 54.4% өсөж нийлбэр дүн нь ₮1.6 их наядыг давж байв. Гэтэл энэ жил:
3 банкны цэвэр ашиг буурч,
2 банкны ашиг бага зэрэг өссөнөөр нийт дүн 2024 оныхоос ₮75.3 тэрбумаар багасжээ.
📉 Зардал ихсэж, орлого дундрав: Цэвэр ашиг нь буурсан банкнуудын хувьд хүүгийн зардал нь нэмэгдэж, хүүгийн цэвэр орлого нь буурчээ. $SBM-н хүүгийн зардал 44.5%, Голомт банк (GLMT)-ных 50% тус тус өссөн байх жишээтэй.
🆙 Хөрөнгө нэмэгдсээр: Нөгөөтээгүүр банкны салбарын зээлийн багц тэлсээр байгаа тул ТОП-5 банкны нийт хөрөнгийн хэмжээ дунджаар 16% өсөж нийлбэр нь ₮74.7 их наяд болжээ. Энэ нь МХБ (MSE) дээр бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээнээс 5.3 дахин өндөр дүн аж.
👠 ROE = 19%: Анхаарууштай нь хөрөнгийн хэмжээ өсөхөөс илүүтэй түүнийг хэр үр ашигтай ашиглаж байгаа нь чухал. 5 банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-ийг харвал дунджаар 19% байгаа нь нэлээд өндөр түвшин. Тэр дундаа ХААН Банк (KHAN)-ных 24.6% буюу маш өндөр, Төрийн банк (SBM)-ных хэвийн буюу 12.5% байна.
🤑 Зах зээлийн үнэлгээ: +₮268.8 тэрбум
2024 оны эцэст ердөө 2 банкны зах зээлийн үнэ өсөж бусад нь унаж байв. Харин 2025 онд ХХБ (TDB)-ны зах зээлийн үнэлгээ ₮301.6 тэрбумаар, $SBM-нх ₮14.6 тэрбумаар тус тус буурсан бол үлдсэн 3 банкных нийт ₮585 тэрбумаар өссөн. Ингэснээр нийлбэр дүн ₮268.8 тэрбумаар нэмэгдсэн хэрэг.
📌 Цаашлаад, уг 5 банкны P/E үнэлгээ буюу үнэ ашгийн харьцаа 3.1-5.9-ийн хооронд байгаагаас ТОП-5 банкны ашгийг нэлээд хямд үнэлж байна гэж дүгнэж болохоор. Мөн тэдний ROE 12%-25% хооронд хэлбэлзэж байгаа ч P/B харьцаа 0.6-0.9 түвшинд байгаа нь банкны салбар системийн хэмжээнд доогуур үнэлэгдэж байгааг харуулж байна.
Эцэст нь… Зах зээлийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг болох ТОП-5 банкны тайланг харьцуулан тоймлож дууслаа. Одоо ногдол ашгийн шийдвэрийг хүлээх л үлдлээ дээ.