Та хэр их хэмжээний зээлтэй вэ? Банкны салбарын олгосон нийт зээлийн хэмжээ 2025 оны эцэст жилийн өмнөхөөсөө 19% нэмэгдэж ₮43.8 их наядад хүрээд байна.
🤯 Жилд ₮2 саяар өсдөг
Уг ₮43.8 их наядын зээлийг 2.4 сая зээлдэгч авсан аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 66.3%-тай тэнцэх зээлдэгч байна гэсэн үг. Улмаар 1 зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ ₮19 болж байна. Энэ тоо 2024 оны эцэст ₮17 сая, 2023 оны эцэст ₮15 сая байж. Энэ трэндээр бол 2026 оны эцэст ₮21 сая болох нь.
🔺 Өссөөр өссөөр: Угаас сүүлийн 3 жилийн хугацаанд нийт зээлийн хэмжээ дунджаар 27%, зээлдэгчдийн тоо 14.4% нэмэгдсэн байна.
📍 Байршлын ялгаа
Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг нийлбэр утгаар нь тооцвол ₮19 сая байгаа ч байршлаар нь харвал ялгаатай. Тодруулбал, Улаанбаатарт хамгийн их буюу 1 зээлдэгчид ₮24.9 саяын зээл ногдож байгаа бол Хөвсгөл аймагт хамгийн бага буюу ₮8.5 сая байна. Улмаар 1 зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг байршлаар нь дунджилж тооцвол ₮11.5 сая болж байгаа юм.
🧐 Ямар зээл аваад байна вэ?
Нийт зээлийн 59% нь 1-5 жилийн хугацаатай зээл аж. Төрлөөрөө бол нийт зээлийн 15.3%-ийг цалингийн зээл бүрдүүлж байна. Ер нь бол цалингийн, тэтгэврийн, картын, автомашины, өрхийн хэрэглээний, малчны, хадгаламж барьцаалсан зэрэг иргэдийн дунд түгээмэл байдаг зээлүүдийн нийлбэр нь нийт зээлийн 29.7% буюу ⅓-ийг бүрдүүлж байна. Ай том орон зай байна шүү. Үлдсэн хэсэг нь уул уурхай, ХАА, барилга, худалдаа, тээвэр гэх мэт салбарын зээлүүд гэдгийг сануулъя.
Эцэст нь… Энэ бол зөвхөн банкны зээлийн тоо. ББСБ-уудын олгож байгаа зээлийг нэмбэл тамтаггүй тоо гарах нь. Зээл авах нь муу биш ч зээлээ юунд, яаж зарцуулж байна вэ гэдэг чухал. Зээлийн хүү бодлогын хүүгээс дунджаар 5.4 нэгжээр өндөр байгаа энэ цагт ухаалаг хандах хэрэгтэй. Гэвч цалин, тэтгэвэр гэх мэт зээлийн эзлэхүүнээс ард иргэдийн зээлийн ачааллыг харж болохоор байна даа.