Өвөр Монголын Баян нуур хотын наранцэцгийн үрийн үйлдвэрлэл, экспорт цэцэглэж, өнгөрсөн оны 11 сарын байдлаар экспортын орлого нь 2024 оноос 22% өсөж ¥4.6 тэрбумд хүрчээ. Өөрөөр бол тус хот дан ганц наранцэцгийн үрээс ₮2.3 их наядыг олж байна. 🫨
Энэ нь тус хотын хөдөө аж ахуйн экспортын 64%-тай тэнцэх дүн төдийгүй наранцэцгийн үрийн экспортын жилийн орлого ¥4.2 тэрбумаас буухгүй байгаа сурагтай.
🔎 Зах зээл нь хэр юм?
Тус хугацаанд Баян нуур хот 395,000 тн хүнсэнд хэрэглэдэг наранцэцгийн үрийг дэлхийн 40 гаруй орон руу экспортолсон. Наранцэцгийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр тариалангийн талбай нь ч өргөжиж, өдгөө тус хот Хятадын нийт наранцэцгийн тариалангийн талбайн тал орчим хувийг бүрдүүлэх болов. Өөрөөр бол Хятадын экспортын наранцэцгийн үрийн тэн хагасыг Баян нуур хотод тариалж бас үйлдвэрлэж байна.
👏 Хөшигний ард: Оновчтой бодлого
Сонирхолтой нь, өдгөө тэрбум тэрбумаар хэмжигдэх экспортын орлого бүрдүүлж буй Баян нуур хотын наранцэцгийн тариалангийн талбай нь давслаг, шүлтлэг хөрстэй тул 1970 оноос өмнө улаан буудай, эрдэнэ шиш тариалах боломжгүй, мартагдсан газар байжээ. Харин 1970 оноос наранцэцгийн үр тариалж эхэлснээр өдгөө ¥20 тэрбумаар хэмжигдэх зах зээл болоод буй.
Үүний ард гаалийн шалгалтыг дижитал болгож, шалгалтын хугацааг 3 хоногоос 2 цаг болгон богиносгосон, мөн үйлдвэрүүдийг гадаад дахь агуулах, хил дамнасан цахим худалдаа, гаалийн үйл явцыг оновчтой болгох гэхчлэн оновчтой бодлогууд ихээхэн нөлөөлсөн.
Хэдий Улаан тэнгисийн хямралаас үүдэж тээврийн зардал өссөн нь сорилт болсоор байгаа ч үйлдвэрлэгчид далайн тээврээс хуурай замын тээвэрлэлт рүз шилжиж, ачааны галт тэрэг ашиглан Европ руу экспорт хийх замаар зардлаа мэдэгдэхүйц бууруулж байгаа гэнэ.
Эцэст нь… Хятад 2030 он хүртэлх 15 дахь 5 жилийн бодлогодоо 23 мужийг орон нутгийн онцлогт нь нийцсэн аж үйлдвэрээр хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах зорилт дэвшүүлсэн. Энэ жишгээр Баян нуур хот ч наранцэцгийн үр боловсруулах 120 компанийг нэгтгэсэн кластер үйлдвэрлэл хөгжүүлж буй.
Угтаа манай улс ч ХАА, газар тариаланг орон нутгуудад кластер болгон хөгжүүлнэ гээд бөөн хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Хэрэгжилт, үр дүн нь хэр байгаа юм бол доо? Ядаж байхад ₮3.1 тэрбумаар Улаанбаатараас Дархан руу нүүсэн яам нь буцаж Улаанбаатар руу нүүнэ, нүүхгүй гээд маргаад суух юм.