Технологийн хөгжлийн тусламжтай мэдээллийн урсгал урьд өмнө нь байгаагүй асар хурдтай тархах болсон. Гэвч энэ урсгалд хуурамч мэдээлэл ноцтой хор нөлөө учруулах болсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй холбоотой IRIM судалгааны хүрээлэн болон Филиппин дэх INCITEGov төвийн хамтран хийсэн судалгааны үр дүнг толилуулж байна.
🎬 Ихэнх нь худал өгүүлэмж
Хуурамч мэдээлэлд олон төрлийн арга ашиглагддагаас худал өгүүлэмж хамгийн түгээмэл буюу нийт худал мэдээллийн 55.6%-ийг эзэлж байна. Үүнийг сошиал орчинд 2020-2025 оны 9 сар хүртэлх хугацаанд нийтлэгдсэн 1.6 мянган мэдээнд үндэслэн тогтоожээ. Өөр анхаарал татах үр дүнгүүд гэвэл:
Төр бол эхлэл: Төрийн байгууллага болон улс төрчид хуурамч мэдээллийг санаачлах, түгээхэд өндөр нөлөөтэй байна. Жишээлбэл, 2023 онд экс ЕС “Самурай” бондын $200 саяын өрийг төлөхдөө “12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээсээс гарч чадлаа” гэж худал мэдээлсэн ба тухайн үед гадаад өр $33.9 тэрбум байсан нь 12 жилийн өмнөхтэй харьцуулахад $20 орчим тэрбумаар өссөн дүн байсан аж.
Хөршийн нөлөө: Хөрш гүрнүүдээс улс төрийн зорилготой худал мэдээлэл их хэмжээгээр түгээгддэг. Оросыг дэмжсэн агуулгатай худал мэдээллийг илрүүлэхээр Facebook дээрх Оросыг дэмжсэн мэдээлэл түгээдэг, хамгийн идэвхтэй 16 хаягийн 20 мянган пост дээр шинжилгээ хийхэд Оросыг дэмжсэн, Орос-Украины дайнд Оросыг зөвтгөсөн агуулга давамгайлжээ.
Халаасны сайтууд: Тодорхой редакцгүй, нэг хүний толгойгоор ажилладаг мэдээний сайтууд олширсон. Монголд бүртгэлтэй 390 орчим мэдээний сайт байгаагаас 300 нь редакцгүй бөгөөд салбарынхны мэдээлснээр эдгээр сайт нь хуурамч мэдээлэл түгээхэд голчлон оролцож буй.
Тролл сүлжээ: Нөгөөтээгүүр зохион байгуулалттай, улс төрийн болон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээс санхүүждэг хуурамч сошиал хаягийн сүлжээ нь хуурамч мэдээллийг түгээх гол хэрэгсэл аж. ЦЕГ-ын дурдсанаар 2023 онд Монголд 400 мянган хуурамч хаяг нээгдсэн байж болзошгүй гэнэ.
Эцэст нь… Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй буюу хэрсүү хандах нь хуурамч мэдээллээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга билээ. Иймд та бүхэн найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч байхыг зөвлөж байна. 🍋💪🏼