Технологийн салбарын өнгийг тодорхойлж буй OpenAI-н ChatGPT гар утасны апп-ийн зах зээлд хүчтэй нөлөөг үзүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн сард ChatGPT-н орлого түүхэндээ анх удаа $3 тэрбумд хүрсэн ба үүнд ердөө 31 сарыг зарцуулсан нь өмнөх рекордыг эзэмшигч Disney Plus-н 42 сарыг 9 сараар урагшлуулсан амжилт аж.
🏆 Амжилтын задаргаа: 2025 онд хэрэглэгчид ChatGPT-н гар утасны апп-д $2.5 төлсөн буюу нийт орлогын дийлэнхийг нь өнгөрсөн онд бүрдүүлжээ. Энэ нь 2024 оноос даруй 408% өссөн үзүүлэлт бөгөөд хэрэглэгчид сард ChatGPT-н Plus үйлчилгээнд $20, Pro-д $200-ийг төлж байна.
📲 Салбарын том зураг
2025 онд App Store болон Google Play дээрх нийт гар утасны апп таталт 106.9 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 2.3% буурчээ. Энэ нь анхны тохиолдол биш буюу 5 дахь жилдээ дараалж буурч буй хэрэг юм. Харин нийт орлогын хувьд апп-уудын гишүүнчлэлийн үйлчилгээ (Subscription)-ний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой 21.6% өсгөж $156 тэрбумд хүрсэн аж.
👾 Тоглоомын нөлөө: Нийт апп-ийн орлогын 46%-ийг гар утасны тоглоом бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгчид $72.2 тэрбумыг тоглоомын төлбөрт зарцуулав. Сонирхолтой нь, шинээр гарсан гар утасны тоглоом эхний $1 саяын орлогоо олох хугацаа 2023 онд дунджаар 194 өдөр байсан бол 2024 онд 1.8 дахин хурдсаж 106 өдөр болжээ.
💰 Шинэ бизнес: Сүүлийн үед хэрэглэгчид гар утас апп бүрд тус тусад нь төлбөр төлөхөө зайлсхийж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад апп бүрийн төлбөрийг нэгтгэсэн RevenueCat, Appcharge, Liftoff Mobile зэрэг платформууд эрчийг авчээ. Түүнчлэн Liftoff Mobile нь энэ долоо хоногоос эхлэн IPO хийхээр материалаа бэлдээд эхэлсэн аж.
Эцэст нь… Хүмүүс шинэ апп татахаас илүү тухайн платформын вэб хувилбарыг ашиглах хандлага сүүлийн үед анзаарагдах болсон. Үүнийг 2025 оны гар утасны апп-ийн таталт буурснаас ч харж болно. Манай лимонууд ер нь утсан дээрээ хэдэн апп ашиглаж байна? Түүндээ хэдийг зарцуулж байна? 🕵🏻♂️