Залуусын орон сууцтай болох мөрөөдөл өдрөөс өдөрт, сараас сард улам холдож, хүрэхэд хэцүү болж байна даа. Сүүлийн 47 сард хуучин орон сууцны м.кв-н дундаж үнэ 72.1%, шинэ нь 63.3% өсөж аль аль нь ₮5 сая даваадахлаа.
🎩 Хамгийн үнэтэй байршил
Лавшруулаад Улаанбаатарын 6 дүүрэг дэх шинэ орон сууцны үнийн ялгааг харвал Сүхбаатар дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ хамгийн их буюу 1 м.кв-н дундаж үнэ нь ₮5.97 сая байна. Харин Сонгинохайрхан дүүргийнх хамгийн бага буюу ₮3.4 сая аж.
💨 Чингэлтэйгийн хурдтай өсөлт: Нөгөөтээгүүр сүүлийн 47 сар буюу 2022 оны 2-р сараас хойших шинэ орон сууцны үнийн өсөлтөөр Чингэлтэй дүүрэг тэргүүлж байна. Тус хугацаанд тухайн дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ 111.8% буюу дунджаас 36.5 нэгж хувиар илүү байжээ. Хотын төвтэй харьцангуй ойр хэр нь шинэ төсөл ховор байгаагийн илрэл.
🧗 Харьцангуй бага: Эсрэг талд Хан-Уул дүүргийн шинэ орон сууцны үнэ хамгийн багаар буюу 50.8% өсжээ. Үүнд Яармаг дахь их хэмжээний шинэ орон сууцны нийлүүлэлт нөлөөлж буй. Мөн Баянзүрх дүүргийн хуучин орон сууцны үнэ хамгийн бага нэмэгджээ. Орон сууцтай болох байршлаа хайж буй хүмүүс санаад авахад гэмгүй биз ээ.
😭 Гутрам тооцоолол
Анх удаа орон сууцтай болохын тулд урьдчилгаа хуримтлуулж, ипотект хамрагдах гэж байгаа ганц бие залуу байлаа гэж үзье. Дундаж үнэтэй буюу 1 м.кв нь ₮5 сая гэх 50 м.кв байр сонговол ₮250 сая болно. Ипотекийн зээл хамгийн ихдээ ₮150 саяар гарах тул ₮100 саяыг цуглуулах шаардлагатай. Манай залуу сард ₮2 саяыг цуглуулбал 50 сар буюу 4.2 жилийн дараа хүссэн дүндээ хүрнэ. Гэвч энэ үед өнөө ₮250 саяын байр нь ₮180 саяар нэмэгдэж ₮430 сая болсон байх нь дээ.
🌌 Гэрлийн хурдаар
Орон сууцны үнийн өсөлт инфляц, орлогын өсөлтөөс хэд дахин хурдан байна. Үүний шалтгаан нь зах зээлийн энгийн эрэлт нийлүүлэлтийн мөчлөгөөс хальж барилгын салбар, хот төлөвлөлт, ипотекийн зээлийн хүртээмж зэрэг олон асуудалтай холбогдож буй. Иймд хотын төвлөрлийг задалсан ажлын байр + дэд бүтэц + орон сууц гэсэн гуравласан бодлого, нэмээд анх удаа байр авч буй залуус болон бодит хэрэгцээтэй сегментэд чиглэсэн оновчтой санхүүжилтийн нөхцөл хэрэгтэй байна.