Өнгөрсөн жил бид $15.7 тэрбумтай тэнцэх бүтээгдэхүүн экспортолжээ. Мэдээж экспортын орлогын дийлэнхийг түүхий эд бүрдүүлж буй. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн трэндээс сонирхолтой анализ хийе.
🫗 Жилээс жил нэмэгдэх хэдэн сая тн
Өнгөрсөн онд Монгол Улс бараг л 90 сая тн нүүрс экспортолж. Тодруулбал, чулуун нүүрсний экспорт 4.4 сая тн-оор өссөн байна. Харин үнийн дүн нь $3 тэрбумаар буурчээ хөөрхий. Хилийн дундаж үнэ нь $41.1-оор багассан хэрэг. Мэдээж энэ бүгдийг 100% Хятад руу гаргасан байна.
🎭 Эсрэг дүр: Харин зэсийн хувьд сайшаалтай. Зэсийн баяжмалын экспорт жилийн өмнөхөөсөө 586.5 мянган тн-оор өссөн. Үнийн дүнгийн хувьд хилийн дундаж үнэ $587.8-оор нэмэгдсэн тул Монгол Улсад оруулж ирсэн нийт орлого нь $2.5 тэрбумаар ихэсжээ.
🥇 Ноолуурын цойлолт
2020 оноос хойш алтны экспортын хэмжээ ч экспортын үнийн дүн ч буурсан аж. Алт-3 гэх мэт хөтөлбөр санаачилсан ч бодит байдал дээр байдал бишидсэнийг үүнээс харж болох. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт ч овойж оцойтлоо нэмэгдээгүй. Харин энэ дундаас ноолуурын экспортыг онцлууштай. 2020 онд 500 тн хүрэхгүй ноолуур гаргаж $18 саяыг олж байсан бол өнгөрсөн онд гаргасан ноолуурын хэмжээ 8.2 дахин, орлого нь 18.2 дахин тус тус өсөөдөхжээ.
📌 Нэг талаасаа зэс болон ноолуурын гаралт нэмэгдэж байгаа ч нөгөө талаасаа экспортын сагсны гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ шал арчсаар байгаа тул экспортын орлого нэмэгдэхгүй байна. Нэмээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд алтны үнэ хэд хэдэн удаа дээд утгаа шинэчилсэн байхад манай алтны экспортын биет хэмжээ буурсаар байгаа нь харамсалтай.
Цаашид экспортын тогтвортой өсөлтийг хангахын тулд зөвхөн үнийн мөчлөгт найдах бус, биет хэмжээ, нэмүү өртөг, бүтээгдэхүүний төрөлжилтийг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Ядаж алт, мөнгөний үнэ нэмэгдэж байхад гарцыг бууруулмааргүй байгаа юм даа.