Өнгөрсөн оны эцсийн тайлан болон ногдол ашгийн шийдвэрүүд айсуй. Хөрөнгө оруулагчид ч ХК-иудыг ямар шийдвэр гаргахыг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Томоохон хувьцаанууд хөдөлгөөн ихтэй байх чинь ээ. Яг энэ мөчид хэрэгтэй чухал тоймыг хүргэе.
😻 Жилээс жилд улам их
2025 онд хамгийн их буюу нийтдээ ₮1 их наядын ногдол ашиг тараагдсан. Өөрөөр хэлбэл, 45 хувьцаат компани 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд дунджаар ₮528 хуваарилсан аж. Ингэснээр өнгөрсөн онд тараагдсан ногдол ашгийн хэмжээ 2022 оныхоос 7.2 дахин нэмэгдсэн хэрэг.
💭 Дундаж өгөөж: Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол мэдээж ногдол ашгийн өгөөж. 2025 онд тараагдсан нийт ногдол ашгийн дундаж өгөөж 5.6% байсан бөгөөд Тавантолгой (TTL) өгөөжөөрөө тэргүүлж байв. Харин 2024 оны дундаж өгөөж 5.9% ЛэндМН ББСБ (LEND)-ын өгөөж хамгийн их нь байжээ.
🪴 Ногоон дарцаг: Хугацаа богиносов
Хөрөнгө оруулагчдын дараагийн анхаарах үзүүлэлт бол ногдол ашгийг тараахад зарцуулж байгаа хугацаа болон тодорхой байдал. 2022 онд ХК-иуд ногдол ашгаа бүртгүүлснээс хойш хуваарилах хүртлээ дунджаар 122.7 хоног буюу 4.1 сарыг зарцуулсан байна. 2023 онд ч энэ үзүүлэлт сайжраагүй. Харин өнгөрсөн онд ногдол ашиг тараахад зарцуулсан дундаж хугацаа 2022 оныхоос 2.2 дахин буурч 54.9 хоног болсон байна. Үүнд мэдээж СЗХ-ны шийдвэр чухал нөлөөтэй.
🤔 Яагаад чухал вэ? Ногдол ашгийг богино хугацаанд тараавал хөрөнгө оруулагчдын мөнгө эдийн засгийн эргэлтэд орж, тэдэнд хөрөнгө оруулалтын өгөөжөө төлөвлөгөөтэйгөөр зөв зарцуулах боломжийг олгож, ХЗЗ ч идэвхжиж ногдол ашиг жинхэнэ утгаараа хөшүүргийн үүргээ биелүүлнэ.
📌 Тодорхой: Мөн ногдол ашгийг тараах өдөр нь яг таг тодорхой байх ёстой. 12 сарын 31-ний өдрийн дотор ногдол ашиг хуваарилна гэх биш 12 сарын 6-ны Лхагва гарагт гэж тодорхойлно гэсэн үг. Үүний тулд бид UBX-тэй хамтарч “Ногдол ашгийн өдрөө тодорхой зарлая” гэсэн уриалга гаргасан бөгөөд энэ уриалгыг мөрддөг ХК-ийн тоо ч нэмэгдэж буй.
Тэгэхээр тухайн компанийн тарааж байгаа ногдол ашгийн өгөөж, СЗХ-ны шийдвэрийн дагуу 4 сарын 30-наас өмнө тараах эсэх, тараах өдөр нь тодорхой байгаа эсэхийг хянаж байх нь чухал шүү. Заа тэгээд ХК-иудын 2025 оны тайлан болон ногдол ашгийн шийдвэрийн бөмбөгдөлтөөр эргээд уулзъя.