Өчигдөр цахим орчинд Соёлын төв өргөөний барилгыг нурааж, оронд нь 2 блок бүхий 50 давхар бүхий барилга барих төсөл нэлээн олон хүний мэдрэлээр наадаад амжлаа. Угтаа хотын гол ажил болгон ярьдаг 24 мега төслийн бүтээн байгуулалт энэ онд эхлэл товтой байгаа. Эхнээс нь сайхан танилцаад явъя.
🛣️ 85.8 км зам: Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг зам засваргүйгээр төсөөлөх боломжгүй болсон. Энэ жишгээрээ 2026 онд 85.8 км буюу Төв аймаг руу ирж, буцах дайны замыг шинээр тавьж, бас засах нь ээ. Үүний 52 км нь шинэ, 33.8 км нь зам засвар аж. Мөн Энхтайваны гүүрийг өргөтгөх, шинэчлэхэд ₮1.5 тэрбумыг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар болоод буй.
😮💨 Хот: Бүтээн байгуулалтаар бөмбөгдөнө
Энэ оны анхны бүтээн байгуулалтын тов нь гарсан мега төсөл бол Туулын хурдны замын төсөл. 6 эгнээ бүхий 32 км тус замын барилгын ажил ирэх 3 сарын 15-нд эхлэх аж. Улмаар бүтээн байгуулалт нь 1.3 жил үргэлжилж, 2027 оны 7 сарын 1-нд нээхээр төлөвлөж буй. Уг зам нь нисэхийн замын дараа орох 2 дахь 6 эгнээ бүхий хурдны зам болох учиртай.
✅ Дуусах: Харин бусад төслөөсөө нэлээн урьд хэрэгжиж эхэлсэн дүүжин замын тээврийн эхний шугамын бүтээн байгуулалт 2026 онд дуусах товтой байгаа. Барилгын ажил нь 40%-тай явж байгаа аж. Мөн л энэ онд дуусах товтой Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шат 36%-тай явагдаж байгаа юм байна.
Угтаа 2028 он хүртэл зөвхөн хотын түгжрэлийг бууруулах 10 мега төсөлд $8.2 тэрбумыг төсөвлөсөн. Танилцуулга дээрээ тус 10 төслийн бүтээн байгуулалт 2026 оноос эхлэхээр харагдаж байгаа ч метро, трам, Туулын хурдны зам гэхчлэн 4 төслийн л ТЭЗҮ бүрэн дууссан байгаа юм.
Ай тэгээд Улаанбаатар хотын мега төслүүдийн танилцуулгыг эргэн харахад хүүхдийн тоглоомын талбай шиг санагдсаныг нуух юун. Автобуснаас өөр нийтийн тээвэргүй байсан бид доогуур, дээгүүр, зам дээр явдаг олон төрлийн сонголттой БОЛНО гэдэг нь сайхан ч эдгээр төслүүд хөрсөн дээрээ хэрхэн бууж, жижигхэн хотод маань багтаж шингэх эсэх нь эргэлзээтэй. Гэтэл бараг бүгд зэрэг эхэлчихсэн байдаг. Төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэх нь ч эргэлзээтэй. Хотын даргынхаа вант улсад амьдарч байгаа мэт л байна даа.