Агуу Монголоо дахин агуутгах 2025 он дууслаа. Агуу ч болсонгүй, асуудлаа ч шийдсэнгүй. Ирэх онд ч илүү олон шийдэх асуудлууд байна.
🤕 Бид юунд санаа зовох вэ?
Хүчин мөхөс байдал. Монгол Улсын бодлогын хүү сүүлийн 35 сарын турш инфляцаас өндөр байгаа буюу мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч инфляцын түвшин хязгаарлагдахгүй хэвээр. Учир нь төрд байгаа мөнгө, төсвийн хэмжээ данайж, импортын үнэ нэмэгдэж, ₮-ийн чанар суларч, нүүрсний үнэ унаж Монголд орж ирэх валютын хэмжээ буурсаар. Энэ онд бид хүчин мөхөс байдлаа яаж сэргээх вэ, үр дүн нь үл үзэгдэх төсөл хөтөлбөрт хөнгөлөлттэй зээл цутгасаар байх уу?
📈 Олон янзын нэмэгдэл: Үүн дээр нэмээд эмч, багш нарын цалинг оны эхэнд 30%-50% тус тус нэмэгдүүлж, оны сүүлээр дахин нэмэх шийдвэр гаргасан. Мөн ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Үүнээс үүдэх төсвийн ачаалал, хуваарилалт, таналт, хэрэгжүүлэх үе шат, үр дүнгийн хэмжилт зэрэг цаад асуудлууд нь харанхуй хэвээр.
🔖 Түм буман реформууд
Реформ гэдэг сүртэй үгний цаана ажил явахаа болиод удлаа. Энэ онд эрчим хүчний салбарын асуудалд ултай суурьтайгаар хандах хэрэгтэй байна. Төсөв нь Соёлын яамнаас давдаггүй, үйлдвэрлэл нь импортын хурдаа гүйцдэггүй, тариф нэмж олсон ₮550 тэрбумаа хаана зарцуулсан нь тодорхойгүй, ашигтай ажилладаг компанигүй энэ салбарыг засаж тордохгүй бол хөлдөлт ойрхон байна.
🔍 ТӨХК-иудыг яах вэ: Өнгөрсөн 8-р сард төрийн өмчит 20 компанийг олон нийтэд нээлттэй ХК болгож ₮3.7 их наядыг орлого олох боломжтой гэж ярьж байсан. Одоо нэр, тоонууд нь өөрчлөгдсөн ч энэ онд ахиад л энэ сэдвийг ярина. Гэхдээ зах зээлийн багтаамж, хөрвөх чадвар, үнэхээр ХК байх шаардлагыг биелүүлж чадах эсэх гээд хяналт болон орчны зохицуулалт ихээхэн шаардлагатай байна.
‼️ Урагшлах уу, ухрах уу?
Өнгөрсөн онд Халзан бүрэгтэй болон Оюу толгойн ордтой холбоотой 2 том сонсгол боллоо. Уул уурхайгаар л эдийн засгаа хөдөлгөж байгаа хэр нь уул уурхайгаа үзэн яддаг бидний хувьд энэ жил хамгийн боломжтой, өгөөжтэй хэлэлцээрүүдийг хийхээс гадна газрын ховор элементтэй холбоотой бодлогоо тодорхойлох сорилттой тулгарч байна.
Эцэст нь... Харж байгаачлан энэ онд анхаарах асуудал өмнөх жилээс нэг их өөрчлөгдөөгүй. Өнөө л хэдэн том гэх үү жижиг гэх үү асуудлууд үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гол нь өнгөрсөн жилүүдээс илүү олон оновчтой шийдэл эрж хайж, хэрэгжүүлж, том төрийн юу хийх гээд байгаад сайн анхаарч нүдээ нээх чухал байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жил гэдгийг санах хэрэгтэй.