Домгийн шувуу үргээж, төрийн албаны их томилгоо өчигдөр явагдлаа. Олон нийт энэхүү сандал суудлын асуудлыг янз бүрээр л хүлээн авсан харагдана. Тэгвэл юу болсныг ухаад үзье.
☎️ Болсон процесс
Өнгөрсөн онд өмнөх Засгийн газраас төрийн өмчит бүх компанид 128 бүтээмж, хяналтын менежерийг томилсон. Харин шинээр байгуулагдсан ЗГ уг орон тоог хасаж, оронд нь 16 дэд сайдыг томилох шийдвэр гаргав. Үүгээр зогсохгүй яамдын сайд нарын орон тооны 150 орчим зөвлөхийг ч цомхотгохоор болжээ.
🔦 Шалтгааны эрэлд: Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа дэд сайдын албан тушаалыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж байж шийдэхээ мэдэгдэж байсан ч тодорхой шийдвэр гаргаагүй өнгөрч байв. Тэгвэл одоо төрийн зардал талийж, орлого тасраад байгаа тул төрийн албыг цомхон, чадварлаг болгохоор энэхүү томилгоог хийхээр шийджээ.
🐖 Хэмнэлтийн горим: Менежерүүдийн орон тоог хассанаар ₮29 тэрбумын цалингийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэнэ. Нэг менежерийн сарын дундаж цалин ₮6 сая буюу жилд ₮72 сая байсныг харахад цаасан дээрхээр бол бишгүй том хэмнэлт.
🆕 Шинэ сайдууд
Шинээр томилогдсон дэд сайдын бүрэлдэхүүнд “Send me your location” бичлэгээрээ хүмүүст танигдсан бизнесменээс эхлээд санхүүгийн салбарын туршлагатай нэгэн хүртэл багтжээ. Төрөөс эдгээр 16 сайдыг ₮414 саяар цалинжуулах бөгөөд ингэснээр өмнөх менежерүүдийн бүтэцтэй харьцуулахад хүнтэй холбоотой зардлыг 58 дахин бууруулах тооцоог гаргасан. Нөгөөтээгүүр, салбарын сайд нар одоо УИХ-ын чуулгандаа илүү анхаарч, дэд сайдууд яамны ажлаа жинхэнэ нугалахаар харагдана.
Эцэст нь… Сөрөг хүчин болох АН-аас эдийн засгийн цөвүүн цаг нүүрлээд байхад 40 сайдтай ЗГ ажиллах нь буруу хэмээн үзэж нэмээд дэд сайдын томилгоог эргэн харахгүй бол ЗГ-ыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдээд байна. Цааш юу болохыг харах л үлдлээ дээ. 🦦