Токиогийн хөрөнгийн бирж (TSE)-ийн их цэвэрлэгээ 2 дахь жилдээ үргэлжилж, энэ онд ч компаниуд биржийн бүртгэлээс ээлж дараалан хасагдсаар дээд амжилтаа ахиулахаар байна. Уг үзэгдэл ирэх жил улам л эрчимжих төлөвтэй байгаа. Юу болоод бирж ХК-иудаа хөөж, туугаад эхлэв?
🪢 Бодлогын өөрчлөлт: Сайжир, түүнийгээ тайлагна
ТSE 2022 онд бодлогын томоохон шинэчлэл хийснээс хойш, 2023 онд ХК-иудад P/B харьцаагаа 1-ээс дээш барихыг шаардаж эхлэв. Энэ ч яамай гэхэд, өнгөрсөн оноос TSE бодлогоо улам чангаруулж, сайжрах хангалтгүй буюу хэрхэн сайжирч байгаагаа хөрөнгө оруулагчдад ил тод тайлбарлах шаардлагыг албан ёсоор тавьж эхэлсэн.
🫡 Ер нь л биржийн зүгээс ашиг багатай, засаглал сул, гэр бүлийн удирдлагатай, хувьцааны арилжаа нь бараг явагддаггүй биржийн үзмэр болж буй ХК-иудыг зах зээлийн үнэлгээгээ өсгө хэмээн тогтмол шахаж, үр дүнд нь зарим компаниуд сайн дураараа, зарим нь нэгдэх замыг сонгож байгаа аж.
🔎 Хэр олуулаа?
Улмаар өнгөрсөн онд TSE дээр нээлттэй арилжаалагдаж байсан 94 компани үнэт цаасны бүртгэлээ хасуулж, эргэн хаалттай болов. Харин энэ жил 124 буюу өмнөх оныхоос даруй 30 компаниар илүү олуулаа нээлттэй зах зээлээс нэрээ татах төлөвтэй байна.
⛓️💥 Эрх чөлөөг сонгоно! Хаалттай болох сонголт хийж буй ХК-иудыг нэг талаас нь бирж, нөгөө талаас нь хөрөнгө оруулагчид хавсран шахаж байгаа тул цаашид үйл ажиллагаагаа илүү эрх чөлөөтэй явуулахын тулд хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг сонгож байгаа гэнэ.
👀 Нөгөө талд бирж бодлогоо чангаруулсны улмаас энэ жил TSE дээр ердөө 60 компани гараад буй. Өнгөрсөн жилийнхээс 21 компаниар бага үзүүлэлт юм.
“Tokyo Pro market”-г хасвал TSE-д бүртгэлтэй компаниудын тоо энэ оны эцэс гэхэд 59-өөр буурч, 3,783-д хүрэх төлөвтэй байгаа. Компаниудын тоо буурч байгаатай холбоотойгоор, Japan Exchange Group-н Гүйцэтгэх захирал Хироми Ямажи, “Бид ХК-иудын тоо буурч байгаад санаа зовохгүй байгаа. Гүйцэтгэл сайтай чанартай ХК-иудад л анхаарна” хэмээв.
🌚 Хүлээлт: Чанаргүй компаниудаа гаргаж, ашигтай, засаглал нь ил тод компаниудаа шигших замаар бирж өөрийн ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой юм.
Эцэст нь… TSE гэхээсээ илүү Японы хөрөнгийн зах зээлд олон компани байхаас илүүтэй чанартай компаниудаа үлдээе гэх бодлогоор тоонд бус, чанарт төвлөрч байна. Манайд ч тайлангаа тайлагнадаггүй, хувьцаа эзэмшигчидтэйгээ эргэх холбоогүй зомби компаниуд зөндөө л байгаа даа. Энэ мэт арга хэмжээнээс суралцмаар.