Жил бүрийн 12 сард CFA Institute-с олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, санхүүгийн салбарын нэр хүндтэй мэргэжлийн цолын нэг болох CFA (Chartered Financial Analyst) цолыг шинээр хүртсэн мэргэжилтнүүдэд гардуулдаг. Үүний хүрээнд Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг (МИСШН)-ээс 2025 онд CFA цолоо авсан 12 шинэ цолтонд цолыг нь гардууллаа.
🔎 CFA цол нь… Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цол нь 3 түвшний шатны шалгалтаас бүрдэх ба тус цолыг санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамгийн том мэргэжлийн байгууллага CFA Institute-с олгодог. Олон улсын хэмжээнд хүнд шалгалтын нэгээр тооцогддог тус шалгалтын нэг түвшнийг давахад дунджаар 300 цагийн бэлтгэл шаарддаг аж.
🇲🇳 Шинэ 18 цолтон
2025 онд Монголын CFA цолтны тоо 18-аар нэмэгдэж, нийт цолтны тоо 52-д хүрлээ. Үүнээс 12 цолтон нь өнгөрсөн долоо хоногт МИСШН-ээс зохион байгуулсан CFA цол гардуулах ёслолын үеэр цолоо авчээ. Сонирхуулахад, CFA цол авахаар горилж буй шинжээчдийн тоо энэ онд 271-д хүрсэн нь залуу санхүүгийн мэргэжилтнүүдийн дунд олон улсын мэргэшлийн цолын эрэлт, сонирхол тогтвортой өсөж буйг харуулна.
🏛️ Монголын төлөөлөл: МИСШН нь Монголд CFA хөтөлбөрийг сурталчлах, санхүүгийн салбарын мэргэжлийн стандарт, ёс зүйг түгээн дэлгэрүүлэх, залуу шинжээчдийг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
🌎 Олон улсад: Өдгөө CFA цолтнууд 160 гаруй орны хөрөнгийн зах зээлд ажиллаж байна. Сүүлийн 5 жилд дэлхийн даяарх CFA цолтны тоо 10.5% өсөж 197.2 мянгыг давжээ.
🔟 CFA Research Challenge
Энэ жил МИСШН-ээс бакалавр, магистрын түвшний оюутнуудын дунд зохиогддог олон улсын CFA Research Challenge 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг тэмцээний дотоодын шатанд түрүүлсэн баг нь бүсийн шат, цаашлаад дэлхийн түвшинд өрсөлдөх эрхтэй болдог. 2025 оны тэмцээнд 6 их сургуулийн нийт 11 баг оролцож, Премиум Нэксус ХК (CUMN)-ийн үйл ажиллагаанд суурилсан судалгаа, үнэлгээг боловсруулах юм.
Эцэст нь… Монголын CFA цолтнуудын тоо өсөхийн хэрээр санхүүгийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь гарцаагүй. Шинээр цол авсан бүх хүмүүст халуун баяр хүргэе. 😎