Өдгөө 21 аймгийн 111 багт сургуулийн өмнөх болон бага боловсролын хүртээмж хязгаарлагдмал буюу бага ангийн хүүхдийн 70% гаруй нь хичээл хийх, сургалтад тогтмол хамрагдах боломжгүй байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Нэг баг, нэг сургууль” төслийг санаачилж, алслагдсан орон нутаг, сум багт амьдарч буй хүүхдүүдийг сургуулийн өмнөх болон бага боловсролын хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамруулах зорилгоор үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж буй.
Тус санаачилгын хүрээнд Төв аймгийн Цогт-Өндөр багт 75 хүүхдийн багтаамж бүхий сургууль ашиглалтад оржээ. Уг сургуулийг Номин Холдинг ХХК-ийн ₮2 тэрбумын хөрөнгө оруулалт болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээн байгуулсан юм.
"Багийн бага сургуулийн" барилга нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон дэд бүтцийн шийдлүүдтэй, агааржуулалт, халаалт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, орчин үеийн ус болон ариун цэврийн эко байгууламжаар тоноглогдсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүхий байгууламж байхаар төлөвлөсөн аж.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 2027 оны төгсгөл гэхэд алслагдсан орон нутаг дахь хүүхдүүдийн дотуур байрнаас хараат байдлыг 40% бууруулж, сонгосон орон нутагт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 25% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Сургуулийн нээлттэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр, “Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх нь Боловсролын бодлогын нэн тэргүүний зорилт. Багийн бага сургууль нь энэ зорилтыг хэрэгжүүлэх тогтвортой, бодит шийдэл болж буйг" онцолсон юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан:
“Энэ санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо нэн чухал. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 3 талт түншлэл Монголын хүүхдүүдэд урт хугацааны боломж нээж байна. Ирэх жил илүү олон багт ижил төстэй сургуулиудыг байгуулахаар ажиллаж байна” хэмээв.
Үргэлжлүүлээд, НОМИН Холдинг ХХК-ийг Үүсгэн байгуулагч А.Шагдарсүрэн:
“Алслагдсан орон нутгийн хүүхэд бүрд гэрэлт ирээдүй түгээх, тэгш боловсрол олгох, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой санаачилгад “НОМИН Холдинг” ХХК хөрөнгө оруулалтаар хамтран ажиллаж буй нь нийгмийн хариуцлагын бодит хэрэгжилт юм. Боловсрол бол улс орны хөгжлийн үндэс” хэмээн дурдаж, уг бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Номин Холдинг ХХК