Сансарын уудамд үйл ажиллагаа явуулдаг олон хөрөнгө оруулагчдын харцыг булаасан SpaceX ирэх жил IPO хийхээр төлөвлөөд байна. Тус IPO-г сонссон хүмүүсийн нүд нь орой дээрээ гарсан сурагтай шүү.
💸 $1.5 их наяд
IPO-н бэлтгэл ажил нэгэнт эхэлсэн бөгөөд ирэх 2026 оны дундуур олон нийтээс $30 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээг $1.5 их наядад хүргэж, IPO-н дараах зах зээлийн үнэлгээгээр түүхэнд 2-т бичигдэх магадлалтай. Өмнө нь 2019 онд газрын тосны акул Saudi Aramco олон нийтээс $29.4 тэрбумыг татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээгээ $1.7 их наядад хүргэж байв.
🎯 Захирлын амбиц
SpaceX-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Илон Маск саяхан Tesla (TSLA)-н хувьцаа эзэмшигчтэй $1 их наядын урамшууллын гэрээг батлуулснаас хойш ердөө 4 долоо хоногийн дараа SpaceX-н IPO-г төлөвлөөд эхэлжээ. IPO-г түргэвчилсэн гол хүчин зүйл нь Starlink-н амжилт. Тухайлбал, энэ жил Starlink $15 тэрбумын орлого олох төлөвтэй байгаа бол ирэх онд орлого $23 тэрбумд хүрэхээр хүлээлттэй аж.
📝 B төлөвлөгөө: Хэрэв IPO-н бэлтгэл ажил удааширвал 2027 он руу хойшлох магадлал өндөр. Ямартай ч олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн ихэнх хэсгийг сансарт дата төв байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ.
🤓 Өөр IPO
2026 онд SpaceX-с гадна AI хөгжүүлэгч Anthropic IPO хийхээр бэлтгэж эхэлсэн ба компанийн зах зээлийн үнэлгээ $300 тэрбумыг давах аж. Тэд энэхүү мэдэгдлийг гол өрсөлдөгч OpenAI-с түрүүлж гаргасныг салбарын могулууд тун ухаалаг үйлдэл хэмээн үнэлжээ. Учир нь тус үйл явдал Anthropic-г бусад өрсөлдөгчдөөс түрүүлж зах зээлд танигдах давуу талыг үүсгээд байна.
Эцэст нь… Ирэх жил Монголын Хөрөнгийн зах зээлд ямар компани IPO хийх нь сонирхолтой. Хамгийн ойрхон нь өнгөрсөн 5 сард IPO хийх зөвшөөрлөө авсан UBCab Holding байж магадгүй. Гэхдээ тэднээс урьтаж өөр компани IPO хийхийг ч үгүйсгэхгүй юм. 🔮