АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Б.Билгүүн-эрдэнэ: хөрөнгийн зах зээлд амжилттай тоглогч байхын нууц нь хурд юм

Сайн байна уу, уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Билгүүн-Эрдэнэ гэдэг. Худалдаа хөгжлийн банкны суурь системийн хэлтэст програм хөгжүүлэгчээр ажиллаж байна. 

Таны бодлоор програмист хүнд ямар ур чадвар түлхүү шингэсэн байх ёстой гэж боддог вэ?
Хүн төрөлхтөний хэдэн арван жил хийх байсан зүйлсийг технологийн дэвшлийн ачаар хэдхэн секундэд хийх боломжтой болж байна. Тэгэхээр програмист хүний ажил өөрөө дэлхийн хурдасгуур болж байгаа юм. Энэ утгаараа програмист хүн аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс харах биш олон талаас нь харж, зөв шийдлийг олж чаддаг байх хэрэгтэй. Үүнийг ерөнхийдөө Complex Thinking гэж хэлдэг. 

Хэдхэн жилийн өмнө IT-ийн салбарт өдөр бүр өөрийгөө тогтмол хөгжүүлэх нь бусдаас түрүүнд алхах боломжийг олгодог байсан бол одоо цагт бусдаас хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэх шаардлагатай болж байна. Амьдралын хэмнэл ихэвчлэн завгүй, тиймдээ ч ийм төрлийн мэргэжилтэй хүмүүсийн ихэнхи нь “интроверт” төрлийн хүмүүс байдаг. 

Урьд нь ямар бүтээгдэхүүн үйлчилгээний төслүүд дээр ажиллаж байсан бэ? 
Анхны ажлын гараагаа оюутан байхдаа Тэсо корпорацийн мэдээллийн технологийн газарт сургалт явуулснаар эхэлж байсан юм байна. “Оюутан гэж гололгүй хамтран ажилласанд их баярладаг” (инээв). Мөн ITZone програм хангамжийн газарт олон төсөл хөтөлбөрт баг хамт олноороо ажиллаж байсан. Харин одоо Худалдаа, хөгжлийн банкны “TDB Online” болон Ти Ди Би Капитал ҮЦК-ийн “TDB Capital” онлайн арилжааны системийн хөгжүүлэлтүүд дээр ажиллаж байна.  

“Өөрийгөө тогтмол хөгжүүлэх нь бусдаас түрүүнд алхах боломж байсан бол одоо цагт бусдаас хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэх шаардлагатай болж байна”

Таны одоо ажиллаж буй “TDB Online” болон “TDB Capital” хоёр  системийн хөгжүүлэлт юугаараа ялгаатай вэ? 
“TDB Online” гэдэг бол банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн 3 өөр зах зээлийн үйлчилгээг нэг дор шийдсэн Худалдаа хөгжлийн банкны цахим банкны шийдэл юм. Харин “TDB Capital” онлайн арилжааны систем нь Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд зэрэг үнэт цаасны арилжаанд оролцдог хүмүүст зориулсан цахим платформ юм. Өөрөөр хэлбэл онлайнаар арилжааны захиалга өгөх, захиалгын сан харах, хувьцааны мөнгө болон ногдол ашгийн мөнгөө татах, судалгаа шинжилгээ унших, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг арилжаа хийдэг хүмүүсийн амин чухал функцуудийг багтаасан  платформ гэж ойлгож болно.  

Монголд арилжааны онлайн систем хөгжүүлсэн газрууд өөр байдаг уу?
Байдаг. Үндсэндээ 2 төрлийн цахим системийг брокерийн компаниуд ашиглаж байна. Жишээлбэл Ти Ди Би Капитал болон Би Ди Сек зэрэг үнэт цаасны компаниудад өөрийн IT баг ажиллаж байдаг учраас системийн хөгжүүлэлт, тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал зэргээ өөрсдөө хариуцдаг. Харин Ард секьюритиз, Стандарт инвестмент, Апекс капитал зэрэг үнэт цаасны компаниуд  хөндлөнгийн IT компанийн хөгжүүлсэн DBX системийг ашиглан харилцагч нартаа үйлчилж байна.  Зах зээлийн гол тоглогчид ихэнхи нь онлайн системээр харилцагч нартаа үйлчилж байгаа. 

Монголд хүмүүс ихэвчлэн онлайнаар арилжаа хийдэг гэсэн үг үү?
Хэрхэн арилжаа хийдэг талаар ярихаас өмнө эхлээд “Арилжаа хийдэг хүнд ямар хэрэгцээ шаардлага хамгийн ихээр тулгардаг вэ?” гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Миний анзаарснаар хөрөнгө оруулагч ямар хувьцаа авахаа өөрийн тохирсон арга техник, судалгаанд үндэслэн гаргадаг. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд аль нэг үнэт цаасны компани дээр захиалгаа өгөх шаардлагатай болдог ба биеэр очих, утсаар өгөх, онлайнаар өгөх гэсэн гурван сонголттой нүүр тулдаг байгаа юм. 

Өдөрт л хэдэн мянган шинэ инноваци хийгдэж буй технологийн эрин зуунд хувьцаа авах захиалгаа брокер дээрээ биеэр очиж өгнө гэдэг хэтэрхий хоцрогдмол бас төвөгтэй биз дээ. Утсаар захиалгаа өгчихөөд, дараа нь брокер дээрээ очиж гарын үсгээ зурж баталгаажуулах эсвэл брокер нь утсаа авахгүй байх зэрэг хүндрэлүүд гардаг учраас энэ арга нь мөн л сайн арга биш. Ингэхээр хэзээ ч хаанаас ч онлайн системээрээ ороод захиалгаа өгнө гэдэг хамгийн хялбар шийдэл болж байгаа юм.  

Тэр ч утгаараа “TDB Capital” онлайн арилжааны системийг хөгжүүлсэн. Сүүлийн 3 жилд онлайн систем ашиглан арилжаанд оролцдог хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь хийж буй ажлын маань үр дүн гарч байгаа болов уу гэж боддог. 

TDB Capital онлайн арилжааны системийг гадны хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээлд ашиглагддаг системүүдтэй харьцуулбал ямар түвшинд байна вэ? Гадаадад иргэд нь ихэвчлэн цахим систем ашиглан арилжаанд оролцдог болов уу?
Мэдээж бүгд онлайн хэлбэрээр явагддаг. Ер нь гадаадад ч бай, Монголд ч бай онлайн систем ашиглан арилжаа хийж байгаа хүмүүс 3 зүйлийг маш сайн тооцож, судлах хэрэгтэй болдог. 

Нэгдүгээрт АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Ашигласан технологи зэргээс хамааран шинэчлэлт, сайжруулалтыг тогтмол хугацаанд хийхгүй бол хуучин технологиуд дээр сул эмзэг байдал байнга илэрдэг. Эдгээр сул эмзэг байдлыг ашиглан маш хялбархнаар системийн ажиллагааг доголдуулах, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах боломжтой болно. Тиймээс аюулгүй байдлыг нь тусдаа хариуцах мэргэжилтнүүд байвал сайн. Нөгөө талдаа хэрэглэгч нууц үгээ зөв сонгох хэрэгтэй, бид энэ тухай мэддэг ч нөгөө л хуучин нууц үгээ байнга ашигласаар байдаг. Ер нь бол гэрийнхээ хаалгыг хагас хаачихаад татаж үзсэн нь аваг гээд орхиж байгаатай яг адил.

Хоёрдугаарт ХҮЧИН ЧАДАЛ: Олон улсад арилжааг хурдаар хэмждэг бол манай хөрөнгийн зах зээлийн идэвхээс хамааран хурдны ач холбогдол харьцангуй багатай байгаад байна. Тухайн үнэт цаас эрэлт ихтэй байвал түрүүлж авах захиалгаа оруулах, мөн хэзээ тохиромжтой үед нь хурдан зарсан нь хожих дүрэм үйлчилдэг. Жишээлбэл “Hot IPO” буюу маш  эрэлттэй IPO-ны үеэр олон хүний захиалгыг брокер хүлээн авах, эсвэл яаралтай захиалга өгөх шаардлагатай үед брокер захиалга оруулахыг хүлээх зэрэг асуудлаас үүдэн хурдан хугацаанд захиалгыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй. Тиймээс хэрэглэгч хүссэн үнээрээ үнэт цаасаа авж чадахгүйд хүрэх эрсдэлээс сэргийлэхийн тулд онлайн систем ашиглан 0.1 секунд хүрэхгүй хугацаанд захиалгаа гүйцэтгэх боломжтой байх ёстой.

Гуравдугаарт ХЭРЭГЛЭГЧИД ОЙЛГОМЖТОЙ БАЙХ: Арилжааны системийг төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн иргэд ашиглан үнэт цаасны арилжаанд оролцдог. Мөн санхүүгийн зах зээлийг сонирхдог хүмүүс ихэвчлэн ашигладаг тул хэрэглэхэд ойлгомжтой, тухайн зах зээлд болж буй тоон мэдээллийг цаг хугацааны хоцрогдолгүй харилцагчид хүргэдэг байхаас гадна арилжаанд ороход хэрэгцээтэй бүхий л мэдээллээр хангадаг байвал зохистой.

Монголчуудын сайн мэдэх Saxo, Interactive brokers, Ameritrade, Merrill edge зэрэг гадны томоохон платформуудад дээрх гурван чанар маш сайн хосолсон байдаг. “TDB Capital” онлайн арилжааны систем нь харилцагчдынхаа мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлыг олон улсын стандартын дагуу хангаж ажилладгаас эхлээд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. Цаашид ч мөн маш олон хөгжүүлэлт, нэмэлт функцууд хийгдэхээр хүлээгдэж байна.

Хэрэглэгч хүссэн үнээрээ үнэт цаасаа авж чадахгүйд хүрэх эрсдэлээс сэргийлэхийн тулд онлайн системээр 0.1 секунд хүрэхгүй хугацаанд захиалгаа гүйцэтгэх боломжтой байх ёстой.

TDB Capital онлайн системийн хамгийн гол давуу тал нь юу вэ? 
“TDB Capital” онлайн системийг ашиглаж арилжаанд оролцдог хүмүүст  онлайнаар захиалга өгөх, үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн дансуудаа бүрэн удирдах, хэрэглэхэд хялбар интерфэйстэй зэрэг олон давуу талууд үүсч байгаагаас гадна хамгийн чухал нь систем дээр ирж буй  бүхий л дата өгөгдлүүд, захиалга дамжуулах, захиалгын биелэлт, захиалгын сан зэрэг функцууд нь бодит цагийн горимоор буюу цаг хугацааны ямар ч хоцрогдолгүй хийгдэж, харилцагч нарт харагдаж байдгаараа давуу талтай. 

“TDB Capital” онлайн арилжааны систем нь харилцагчдынхаа мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлыг олон улсын стандартын дагуу хангаж ажилладгаас эхлээд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна”

Онлайн арилжааны системийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та залуу уншигч нарт болон IT-ийн мэргэжлээр суралцах сонирхолтой залууст хандаж юу гэж зөвлөх вэ? 
Та бүхний юу хүсэх, юу сэтгэх нь виртуал орчинд үл хязгаарлагдах тул програмчлах чадвараа хөгжүүлээд IT-ийн салбарт өөрийгөө заавал сорьж үзээрэй гэж уриалмаар байна. Нэмж хэлэхэд IT-ийн салбарыг хамгийн бага зардлаар баялаг бүтээх боломжтой салбар гэж үздэг тул чадвартай мэргэжилтэн маш эрэлттэй байдаг. Одоо ч эрэлттэй байна, цаашдаа ч эрэлт улам ихсэх хандлагатай байгаа тул мэргэжлээ сонгох гэж буй залуучууддаа судлаад сонирхоод үзээрэй гэж санал болгомоор байна. 

Цаг гарган яриа өрнүүлсэнд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье.