Улаанбаатар хот-2023-11-06, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар М.Даваажаргал томилогдлоо. Тэрээр Монгол төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн чиглэлээр мэргэшин салбартаа тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай. М.Даваажаргал нь Монголын анхны кастодиан банкны төсөл, JP Мorgan банкны Монгол Улс дахь саб-кастодиан сонгох төсөл, үнэт цаасны зах зээлийн СВИФТ, хөрөнгө оруулалтын сангийн дэд бүтцийг бий болгох төслүүдэд амжилттай ажилласан, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд тууштай хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм. 2021 оноос хойш Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн ре-брэндинг болон бизнес хөгжлийн албыг амжилттай удирдан чиглүүлж ажилласан бөгөөд 2023 оны 10 сарын 2-ны өдөр Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод байна.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) нь 2015 оноос хойш Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” үйл ажиллагаа явуулж, оролцогч бүх талуудад харилцан ашигтай дэд бүтцийг цогцлоохоор ажиллаж буй Монголын анхны хувийн үнэт цаасны бирж юм. Тун удахгүй Улаанбаатар Үнэт Цаасны Биржээр Монголын анхны ETF болон Ууган финтек салбарын хувьцаа арилжаалагдах гэж байна.
Хөгжилд Хамтдаа |
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар
Холбоо барих утас: (+976) 7000-0501
И-мэйл хаяг: info@ubx.mn
Вэбсайт: www.ubx.mn