
НҮБ-аас 2 жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексийн үнэлгээгээр Монгол 0.871 оноо авснаар дэлхийн 194 орноос 42-т жагслаа. Тэгвэл үүнд юу нөлөөлснийг ухаад харъя.
🔎 Индексийг тооцоход төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн 3 үндсэн үзүүлэлтийг харгалздаг. Өөрөөр хэлбэл, төрийн ганц сайн апп бус түүнийг ажиллуулах дэд бүтэц, ашиглаж чадах иргэдийг хамтад нь үнэлж, тухайн улсын цахим хөгжлийг тодорхойлдог аж.
🔥 50 байр ахилаа
Энэ удаагийн тайланд Монгол 0.871 оноо авсан нь 2024 оноос 4, 2022 оноос 32, 2020 оноос даруй 50 байр урагшилсан томоохон амжилт болов. Цаашлаад, энэ жил бүс нутагтаа 15-д жагссан бөгөөд нийт оноо өсөхөд хүний нөөцийн хөгжил хамгийн өндөр буюу 5% өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний үнэлгээ 3%, харилцаа холбооны дэд бүтцийнх 1.3% тус тус ахисан юм.
⚠️ Анхаарах асуудал: Дээрх 3 үндсэн үзүүлэлтээс гадна тооцдог иргэдийн цахим оролцооны индекс (PE) ердөө 0.5172 гарчээ. Энэ нь биднийг цахим үйлчилгээ авч сурсан ч төрийн шийдвэр гаргалтад саналаа тусгахад хүндрэлтэй буйг илтгэнэ.
🌐 Дэлхийн хандлага
НҮБ-ын 194 орны дунджаар төрийн цахим үйлчилгээ 12% өсөж 0.6445-д хүрсэн нь бусад 2 үзүүлэлтээсээ илүү хурдацтай өссөнийг харуулав. Харин харилцаа холбооны дэд бүтэц 2.1%, хүний нөөцийн хөгжил ердөө 0.6% ахижээ. Жагсаалтыг Өмнөд Солонгос 0.979 оноотойгоор тэргүүлсэн бол удаах байранд 0.978 оноотой Дани, гутгаар байранд 0.972 оноотой Сингапур зэрэг цахим акулууд оров.
Эцэст нь… Өдгөө 2 сая хэрэглэгч, төрийн 1,300 гаруй үйлчилгээг багтаасан E-Mongolia нь манай улсын цахим засаглалын хөгжилд гол түлхэц болж буй нь гарцаагүй. Одоо иргэн бүр төрийн үйлчилгээг төвөггүй авч, шийдвэр гаргалтад бодитоор оролцож чаддаг болох нь дараагийн том сорилт юм.